МАН-ЫН БҮЛЭГ ХОЁР ӨДӨР ХУРАЛДАЖ, ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

 

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хуралдахаар товлогдсон МАН-ын бүлгийн хурал нийгэмд хүлээлт үүсгээд байсан юм.

 

Товлосон ёсоор даваа гаригт МАН-ын бүлэг хуралдсан. Гэхдээ оройтож эхлэв. Тэгээд шөнө дундад тарж, маргааш нь үргэлжилсэн юм. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгийн хурал наймдугаар сарын 29, 30-нд болсон гэсэн үг.

 

МАН-ынхан хоёр өдрийн энэ хурлаараа ёстой л би, чи-дээ хүрчээ. Ингээд эцэст нь 31 гишүүний саналыг дэмжих эсэхээр санал хураахад нөгөөдүүлээсээ хоёр гишүүний илүүтэйгээр огцруулахыг дэмжсэн байна.

 

Хоёр өдрийн хурлын мэ­дээл­лийг товчлон хүргэе.

 

Бүлгийн хурал эхлэн­гүүт ээлжит бус чуулган, холбогдох байнгын хороо­дыг хэзээ, хэрхэн хурал­дуулах талаар ярьжээ. Гишүүн бүр л байр сууриа илэрхийлжээ. Харин Бүлгийн дарга Д.Хаянхярваа чуулган, байнгын хорооны хурлыг хойшлуулах байр суурьтай талыг дагасан байна. Иймээс тэд буюу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нар “...Хэрвээ УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Үндсэн хуулийг дагахаас татгал­заж байгаа бол түүнийг өөрчлөх асуудлыг ч ярих болно” гэсэн байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэдний үгийг дэврээсэнгүй. Асууд­лыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

 

Бүлгийн хурлаас өмнө Ерөнхий сайдыг огцруулах саналд 30 гишүүн гарын үсэг зураад байсан. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийнхээ хурал дээр гарын үсэг зурсан байна. Ц.Нямдорж гарын үсэг зурчихаад “...Та нар эрх зүйт төрийг юу болгоод байгаа юм бэ. Ц.Элбэгдоржийн тогтоосон ноёрхлын төлөө та нар ингэж болохгүй. Тэр Эрдэнэт, Хөтөл, Цагаан суваргаа хар... Ц.Элбэгдорж өнөөдөр МАН-д бодитойгооор амьдарсаар байна” гэжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Ер нь бол гишүүд хоёр өдөр “ярилцсаныхаа” эцэст Засгийн газрыг унагаж байгаа гол асуудал нь сайд нарын нэр хол­богд­сон концессын гэрээ­нүүд гэдэг дээр санал нэгджээ. Засгийн газрын бусад гишүүд ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уурсаж “...Энэ концессын гэрээн дээр үхчих гээд байгаа бол буцаагаад өгчихье, за юу” гэжээ. Түүнийг ин­гэж хэлсний дараа гишүүд нирхийтэл инээлдсэн байна. Түүнээс гадна концесс, өөр бусад асуу­дал­тай нэр холбогдоод бухим­дуу байгаа хүн бол ХНХ-ын сайд Н.Ном­той­баяр. Тэрээр бүлгийнхээ хурал дээрч бухимдлаа гаргаж, зарим гишүүнтэй муудаад авсан байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав төрөөс зөвхөн МАК-ийн цементийн үйлдвэрийг дэмжих бодлого хийсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Ядахад яр гэгчээр энэ хурал дээр МАК-ийн бас нэг концессын гэрээ ил болсон байна. Тодруулбал Цагаан суварга руу концессын гэрээгээр төмөр зам барих ажил явагдаж байгаа. Энэ ажил Үндэсний хөгжлийн газраар хэлэлцэгдэж, дэмжигдээд дараагийнхаа шат руу явчихсан байжээ. Үүнд гишүүд ихээхэн дургүйцсэн байна. Гишүүд “...МАК төрийн хөрөнгөөр эрчим хүч татуулсан, одоо төмөр зам тавиулах нь, арай даварч байгаа юм биш үү” гэжээ.

 

Түүнчлэн УИХ-ын ги­шүүн Н.Учрал “...Номтой­баяр гишүүн на­майг дарамт­лаад байгаа. Хэрэг чинь прокурор дээр байгаа. Хэрвээ гарын үсгээ­сээ татгалзахгүй бол тэр хэргийг чинь сөхөж гар­гана гэж сүрдүүлсэн” гэсэн байна. Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “...ТЕГ-тай­гаа холбоотой улс тө­рийг дэлхийд сонгодог улс төр гэдэг юм” гэжээ. Энэ үгийг сонссон эрхэм гишүүд “...Энэ хүн таг­на­сан чагнаснаа хүлээн зөв­шөөрч байна” гээд шуу­гилдаад явчихсан байна.

 

МАН-ынхан 60 тэрбумын бичлэгийг ч нэлээд сайн ярьсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг үг хэлэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “...Чи ч гэсэн хүн томилсон биз дээ” гэсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “...Ерөнхий сайдаа, та хар даа. Ийм л сайдтай байна шүү дээ. Төрийн алба та нарын өмч юм уу” гэсэн байна.

 

Ингээд эцэст нь УИХ-ын дарга М.Энхболд “...У.Хүрэлсүхийг тагна­сан гэх асуудлаас болж нам дотор үл ойлголцол үүсч, гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан гэж үзэж байна” гэжээ. Харин гишүүд М.Энхболдын дүгнэлтийг эсэргүүцэж  “...Хүрэлсүхээс болоогүй. Харин авлигаас болж ийм шийдэлд хүрсэн” гэцгээсэн байна.

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

 

30-ны мягмар гаригийн үдээс хойш МАН-ын бүлгийн хурал дуусч, оройхон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Энэ хуралдаанаар 31 гишүүний саналыг хэлэлцсэн юм. Хурал дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрээр “...Хэрвээ би нэг л хүнээс нэг төгрөг авч томилгоо хийсэн бол Ерөнхий сайдаас өөрөө сайн дураараа огцорно. 800 тэрбумын концессын асуудалд манай Засгийн газрын зүгээс хамаатай хоёр л асуудал байгаа. Нэг нь Дорноговь аймгийн зам, Хоёрт, Хан-Уул дүүрэг дэхь 300 ортой эмнэлэг барих юм. Өмнөх засгийн үед байгуулагдсан концессын мөнгөний хэмжээг багасгаад зургаан концессоос 50 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ бол 50 цэцэрлэг барих мөнгө. Энэ шийдвэрийг хууль зөрчсөн байна гэсэн байна. Хууль хүчний байгууллагын асуудлыг сөхөж тавьсан байна. Үүнийг бүх гишүүд мэдэж байгаа. Засгийн газрын болон миний зүгээс хэн нэгнийг тагнаж чагнасан зүйл байхгүй” гэжээ. Энэ хуралд оролцсон 17 гишүүний ес нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахгүй гэсэн саналыг өгсөн юм.

 

АН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАВ

 

АН-ын Улстөрийн зөвлөл мөн л наймдугаар сарын 30-ны мягмар гаригт хуралдав. Хурлаар УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор уг асуудалд АН-ын болон УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг тодорхой болгох асуудлыг хэлэлцэв. Ингээд Улстөрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн шийдвэр гаргаж, тогтоолыг баталсан байна.

 

МАН-ЫН ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНД НЭР ДЭВШИГЧИД АЛБАН БУСААР ТОДОРЛОО

 

Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын даргад зүтгэнэ гэдэг бодлоосоо няцаагүй байна. Тэр ч байтугай намынхандаа танилцуулах мөрийн хөтөлбөрөө боловсруулчихсан гэж дуулдаж байна.

 

Ер нь МАН-ын бүлгийн хурлын дараагаас Ерөнхий сайд огцрох нь тодорхой боллоо гэдэг ойлголт энэ намынханд суужээ. Тиймээс дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхээс гадна албан бусаар нэр дэвшигчид тодорч эхэлсэн байна.

 

Өдгөө Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж буй С.Бямбацогт Ерөнхий сайд болно гээд зүтгээд эхэл­жээ. Түүнийг одоо ажил­лаж байгаа Засгийн газ­рынх нь гишүүд ч дэм­жих­гүй байгаа. Учир нь С.Бямбацогт концессын гэрээтэй нэр холбогдсон сайд нарын нэг.

 

Үндсэндээ энэ Засгийн газар концессын гэрээнээс болж л унаж байгаа юм.

 

Гэвч С.Бямбацогт өөрөө “...2016 онд нам нь ялахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан. Ерөнхий сайд болчих, дэмжлэг үзүүлье гэж нутгийн ах, Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байсан. Гэтэл Ерөнхий сайд байтугай, Сангийн сайдад ч зүтгээгүй. Б.Чойжилсүрэнтэй жижигхэн тохироо хийгээд байраа тавьж өгсөн” гэж үзэж байгаа ажээ. Тиймээс С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногийн дундаас нөлөө бүхий улстөрчидтэй нэгбүрчлэн уулзаад эхэлсэн байна.

 

Түүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд болохоор зүтгээд эхэлжээ. Тэрээр наадмын дараа Хөвсгөлд намынхаа дарга нарыг экс Ерөнхийлөгчтэй уулзахад хамт байсан. Долоо хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын газарт нөлөө бүхий гурван хүн нууцаар уулзсаны нэг нь байсан. Мөн Т.Аюурсайхан гишүүн түүнд “...Ерөнхий сайд болооч” гэж санал тавьсан дуулдаж байна. Үүнийг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн санал гэж ойлгож болно.

 

Тэрээр энэ сарын 1 буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын залуу гишүүдийг цуглуулан албан ёсоор уучлал гуйж, нэг талыг баримтлахгүй гэдгээ илэрхийлсэн байна.  Мөн С.Бямбацогтын адил намынхаа нөлөө бүхий хүмүүстэй уулзалдаад эхэлжээ.

 

Дараагийн “нэр дэвшигч”-ээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тодроод байна.  Тэрээр С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгэхээр болсныг дуулаад “...Бямбацогт ингэж байгаа бол би ч бас үзнэ. Би 2016 онд нам ялахад генсек байсан. Намын дарга УИХ-ын дарга болоход эрэмбээрээ би Ерөнхий сайд болох байсан. Тэгээгүй” гэсэн байна.

 

ЭЦЭСТ НЬ

 

Ийн МАН-ын дотоод зөрчилд дулдуйдсан Монголын улс төр өнгөрсөн долоо хоногийн турш бужигналаа. Энэ долоо хоногт ч үргэлжилнэ.

 

Ерөнхий сайдыг огцруулах 31 гишүүний саналыг ирэх пүрэв гаригаас өмнө хэлэлцэх ёстой. Тэгэхээр ээлжит бус чуулган мягмар, лхагва гаригийн аль нэг өдөр хуралдана гэсэн үг.

 

Мөн МАН-ын Бага хурал хуралдах тов бас дуулдаад байгаа билээ. Энэ хурлуудаар Засгийн газар унах эсэх нь тодорхой болно. Хэрэв унавал дараагийн Засгийн газар хэрхэн бүрдэх вэ гээд л бужигнаж таарна.

 

Хамгийн гол тэмцэл нь дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэгт байгаа юм.

 

Ер нь бол МАН-ыг тойрсон улс төрийн бужигнаан ид дундаа өрнөж байна.

 

 

Б.Дамдин-Очир