УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Мэргэжлийн гэх тодотголтой засгийн газрыг унагах эсэхийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр  асуулт асуух гишүүн байгаагүй. Харин ихэнх гишүүд үг хэлсэн. Тухайлбал:

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сонгууль дууссан. Өвөл хаяанд ирсэн. Өр дарах, өвөлд бэлдэх гээд олон ажил биднийг хүлээж байна. 2016 оны сонгуульд бид хүүхэд бүрт ялгаваргүй мөнгө олгоно гэснийхээ төлөө огцрох болсонд харамсалтай байна. Нодлин бид нар төр тогтвортой байлгана гэж ярьсан. Огцруулах төсөл өргөн барьсан хүмүүсийн саналыг хүндэтгэж байна.  Гэхдээ ямар засаг байгуулагдах нь тодорхойгүй байгаа болохоор би анхнаас нь огцруулахын эсрэг байгаа.  Ард түмэн итгэлээ олгоод 65 суудал өгчихөөд байхад эв эе ээ хичээж чадалгүй АН-тай Засгаа огцруулах гэж байгаад харамсаж байна. Бүх асуудлаа нам бүлгээрээ тавьж ирсэн. Өнөөдөр харин намын удирдлага, УЗ, нэр бүхий гишүүд, бүлэг алдаагаа Засаг руу чихээд бултах гэж байна. Тэртээ тэргүй удахгүй намын хурлаар энэ асуудлыг шийддэг байсан. Гэвч ойрын зайныхаа улс төрийг маш сайн тооцсон байгаасай.  Төрийн хямрал руу битгий хөтлөөсэй. Энэ бужигнаан орон нутаг руу битгий ороосой.  Өнөөдөр та бүхэн Засгийн газрын асуудал дээр нийтлэг эрх ашгийг бодож мэргэн шийдвэр гаргана гэж бодож байна.  Удахгүй намын бага, их хурал болно.  Ийм богино зайнд улс төр битгий байгаасай.  

УИХ-ын гишүүн  О.Содбилэг: 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалт нь төр засаг тогтвортой байна гэж амласан. Энэ үед засгийн газраа огцруулна гэдэг нь буруу.  Хариуцлага тооцох нь зүйтэй.  Хариуцлагаа тооцоод явж байгаа.  Засгийн газрын шийдвэр тогтоол ажил хэрэг болох гээд явж байхад огцруулах юм бол эдийн засагт хүндрэл гарна. Уулзалтууд хойшилж, айлчлал больж байна. Засгийн газрыг огцруулах нь буруу гэж бодож байна гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 65 суудалтай эрх баригч нам Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж оруулж ирсэн. Огцруулах эсэх нь Монгол Ардын намын шийдэх асуудал. Энэ Засгийн газрыг байгуулагдах үед би нэг л зүйлийг захиж хэлж байсан. Хамгийн түрүүнд Тагнуулын даргаа, Цагдаагийн даргаа солиорой гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийг өдөр, шөнөгүй тагнадаг боллоо. Гүйцэтгэх ажил хяналтаас гарлаа. Тагнуултай улс төр бол сайн улс төр гэж ярьдаг улс олширлоо. Бүтэн жил гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг сольж чадахгүй байсаар эцэст нь Засгийн газар чинь задрал руу явлаа. Сүүлийн таван жилийн турш монголын улс төрийн байгууллагуудыг хооронд нь муудалцуулдаг, сөргөлдүүлдэг ажлыг хийдэг боллоо. Элбэгдоржийн үед эхэлсэн, түүний найзууд хөгжүүлсэн. Амласан амлалтуудаа биелүүлээрэй гэж би жилийн өмнө захисан. Өр нэмэхгүй гэж энэ Засгийн газар байгуулагдсан, эсрэгээрээ өр нэмсэн. Концесс, векселийг таслан зогсооно гэчихээд Засгийн газрынхаа сайд нарт концесс, вексель бичиж өгдөг болсон. Татвар нэмэхгүй гэсэн, долоон төрлийн татвар нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн, хассан. Эргэж хургасан олон шийдвэр гарсан. Тагнах чагнах бол маш ноцтой асуудал. Өнөөдөр Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна. Дэд хороон дээр яригдсан асуудал нууцын зэрэглэлтэй тул би энд ярихгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах нь зөв биш. Иймд шүүхийн гурван шатны шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярихыг хүсч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэж өгөөч гэж энэ Засгийн газраас би мөн ч их хүсч байгаа. Гэтэл нөгөө “сахал” Эрдэнэбилэг нь 49 хувийг ард түмэнд өгөлгүйгээр Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүн болчихоод байгаа. Дубайн гэрээг залруулаарай гэсэн, тэр талаар огт ярихгүй байгаа. Авлига, хулгай, луйвартай энэ Засгийн газрыг зоримог тэмцэж чадаагүй гэж би дүгнэж байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ концессын гэрээнүүдийн ихэнх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан гэлээ. Гэтэл концессийн найман гэрээний долоог нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар шийдсэн байна. Хүүхдүүд сургуульгүй, цэцэрлэггүй сууж байхад С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын сайд нар 805 тэрбум төгрөгөөр өөрсдийнхөө хувийн компани руу гэрлийн шугам татаад, зам тавиад сууж байна. Энэ бол маш увайгүй үйлдэл.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Огцруулахын эсрэг байгаа. Гайхалтай ажиллаа гэж шагшин магтахгүй.  Эдийн засаг маш хүнд үед улс орныг авч явж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд:  АН-тай хамтраад байгаа юм байхгүй. Гарын үсэг зурсан гишүүд дотор АН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй.  Огцруулах гурван үндэслэл ярьж байгаа. Нэгд, 807тэрбумын концесс.  60 тэрбум бол концертны билет,  807 тэрбумын концесс бол эхлэл.  Энэ бол огцруулах үндэслэл мөн. Хоёрт,  Хүүхдийн мөнгө хууль бусаар  олгосон гэж байгаа. Хүүхдийн мөнгө болохоор битгий буруутгаасай.  Яаралтай хүүхдийн мөнгийг хууль ёсны болгох.  Гуравт, боловсон хүчний  томилгоо. Үнэхээр суудал зарсан гэдэг нь нотлогдож байна.  Танай манай нам гэхгүйгээр  60 тэрбумын асуудлаа  шийдэх ёстой.  Ажлаас халагдсан 20 гаруй хүний асуудлыг  эргэж хараасай.  Энэ бол  огцруулах үндэслэл болж чадаж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: "2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрэхэд худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, орлого бий болгох замаар нийт эдийн засгийг идэвхжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна. Унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсөж, 2700 орчим төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.

ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Бизнес эрхлэлтийн орчны индекс 2017 онд найман байраар урагшиллаа. Мөн АХБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна" гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: жилийн өмнө 65 суудалтай болсон. Жилийн ойн лээрээ Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчхаад байна. Засгийн газар хариуцлага алдсан болохоор хариуцлага тооцох цаг болсон. Анхнаасаа Засгийн газрыг байгуулахдаа л сонгогчдод амласан амлалтаасаа буцсан.  Том хулгай, луйвар хийхийг намын эрх ашиг гэсэн далбаан дээр хамгаалах юм бэ?  Бид мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн ч байгуулж чадаагүй.  65-ын бүлгээрээ оруулалгүй өөр үнэлэмжээр энэ засгийн газрыг байгуулсан. Энэ засгийн газрын чинь зэс нь цухуйсан болохоор огцруулах гэж байна.  Олон зуун тэрбумын  концессыг  хийсэн байна. Нэг гишүүн тойрогтоо цэцэрлэг байгуулах гээд чадахгүй байна. Хэрвээ ЗГ-ын гишүүдийн авсан энэ концессын 300 тэрбумаар гишүүн бүр тойрогтоо цэцэрлэг байгуулах боломжтой болно.  Байнгын  хороон дээр Сангийн сайд нь мэдэхгүй байгаагаа хэлж байсан.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ бол цагаа олоогүй асуудал. Би гурван зүйл тодотгоё. Ерөнхийлөгчийн сонгууль,  боловсон хүчин, кабинетын асуудал гэх мэтчилэн шалтгаанаар засгийн газрыг огцруулах гэж байна.  Гэтэл 65-ын бүлгээ энэ чиглэлийг өгсөн ш дээ. 65 чинь Засгийн газар руу боловсон хүчний шахаа хийсэн.  Буруу бүхнээ чихэж байсан. Энэ мэтчилэнгээр нам дотроо яръя гэсэн шүү дээ.

2 сарын дараа намын их хурал болно. Шинэ намын даргатай болно. Тэр шинэ дарга нь Засгийн газрыг тэргүүлэх боломжтой ш дээ. Хоёрхон сар хүлээчих л дээ.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Нэг жил бол дүн тавиад байхаар хугацаа биш.  Өргөс авсан юм шиг асуудал намжина гэж байхгүй.  Элгээрээ хэвтсэн эдийн засгийн  сэхээнээс гаргаад энгийн тасагт оруулсан байна. Энэ бол багагүй амжилт. Би хямралыг  зогсоож чадлаа гэж сонгогчидтой уулзахдаа хэлж байсан. Засаг солигдвол эдийн засаг дахиж сэргэхгүйгээр унаж магадгүй.  Тэгэхээр засаг соливол эдийн засаг сэргэнэ гэж худлаа.  АН-ынхан ингэж хэлж байгаа бол тэдний ажил. Намынхаа өмнөөс ард түмнээс уучлалт хүсье.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: харамсалтай байна. Эмгэнэлтэй байна.  Бидэнд хийх ажил их байна. Засгийн газрыг огцруулах тухай шаардлага тавигдсан байна. Ан-тай нийлж засгаа унагаах гэж байна гэж олон хүн ярьж байна. Ан-ын буруу биш, эдний зөв. Энэ орчлон эсрэг тэсрэгийн нэгдэл дээр оршдог. Харин Засгийг унагах гэж байгаа нь бидний буруу.

Үүнийг яах гэж хийсэн юм бэ. Улс орны эдийн засгийг хөл гар дээр нь босгохыг төлөө энэ алхмыг хийсэн. Зөвшөөрсөн хүн нь бид. Тэгвэл зөвшөөрсөн кноп дарсан бид өөрсдөө буруутай. Ганцаараа олсон санааг бодол гэдэг юм. Олуулаа ярьсан шийдвэрийг бодлого гэдэг юм. Тэгвэл манайханд бодлого байна уу гэж нөхдөөсөө асууя гэж бодож байна. Бид гэр барьчихаад гэрээ цэвэрлэх гэж байгаа бол өөрсдөө цэвэрлэх ёстой. Хүнтэй цэвэрлэж яах юм гэж бодож байна.

Нөхөд маань гаргасан шийдвэрээ эргэж харах арга байна уу. Засаг уналаа гэхэд энд сууж байгаа нэг ч хүн хохирохгүй. Харин ард түмэн хохирно. Тиймээс нөхөд маань бодох байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн  Н.Оюундарь: Засгийн газарт бид ачааны хүндийг үүрүүлсэн. Хүнд жилийг өнгөрүүлсэн. Хэчнээн ажлын байр бий болж, хэчнээн хүүхэд мөнгө авч, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гээд ажлыг тайлагнуулна. Гэтэл нэгхэн жилийн дараа Засгийн газраа унагах гэж байна

УИХ-ын гишүүн  Н.Энхболд: Ард түмэн биднийг сонгохдоо өмнөх жилүүдийн алдааг засах болов уу гэж сонгосон. Гэвч тэр итгэлийг бид алдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүд ирээдүйд сайн үр дүн авчрах хүнд шийдвэрүүдийг гаргасан. Энэ хугацаанд улс орныхоо эрх ашгийн төлөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэх мэт хүнд шийдвэрийг ч гаргасан. Хамтдаа энэ шийдвэрийг гаргачихаад одоо би өөр байр суурьтай байсан гэж хэлээд Засгийн газраа огцруулж болохгүй. Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв байсан юм. Гэвч бидэнд нам хамаагүй гэж байгаа юм шиг Засгийн газраа огцруулах гэж байгаад харамсч байна

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан: Засгийн газарт хариуцлага тооцож болно, алдаа эндэл байгаа. Гэхдээ үүнийг нам дотроо, бүлэг дээрээ яриад дараа нь УИХ-д оруулж ирэх ёстой байлаа. Энэ бол төрийн харилцааны асуудал. Гэтэл шууд УИХ-ын даргад хаяглаад чуулганы хэлэлцүүлэгт оруулж ирж байгаа арга замыг нь би дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ: МАН 2000 оноос хойш анх удаа УИХ-д үнэмлэхүй олонхи болж, 65 суудал эзэлсэн. Энэ бол намын бодлогоо хэрэгжүүлэх, эдийн засгаа өөд татах том боломж гэж харж байсан. Гэтэл байгуулсан Засгийн газрын тань тал хувь нь намын бүлэг дотроо ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа шүү дээ. Аргаа бараад 31 гишүүн элдвээр хэлүүлэн байж огцруулах шаардлага гаргасан. Засгийн газар бурууг бусдаас биш, өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр: Бодит үнэн гэвэл сайдын 17 суудалд 65 гишүүн багтахгүй болчихсонд л асуудал байна шүү дээ. Бид бүгдээрээ л мэдэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би энэ Засгийн газрыг улс орныг хэцүү байдлаас гаргаж чадахгүй гэж бодож байгаа учраас огцруулах саналтай байна. Энэ Засгийн газар байсан, байгаагүй ялгаагүй. Уг нь өнөөдөр багш нарын цалин нэмэх, үер усны асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч байгаа том асуудлууд олон байна. Би дараагийн томилгоог маш анхааралтай харна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  Улстөрч хүний хувьд, намын хувьд, УИХ, Засгийн газрын хувьд үнэт зүйл ард түмний итгэл байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн бидэнд асар их итгэж сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдтэй уулзахад итгэл хумхын тоос шиг алга болсон байсан. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байлаа. Нэг өдөр гаргасан бодлогоо маргааш нь цуцалж, өөрчилдөг. Шийдвэр гаргахдаа тухайн цаг мөчийн улс төрийн нөхцөл байдлаа тооцоолоогүй. Энэ бол ард түмний итгэлийг алга болгоход хүргэсэн. Гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа Засгийн газарт хөрөнгө оруулагчид итгэх үү. Энэ Засгийн газар ард түмний төлөө биш дарга нарынхаа төлөө зүтгэсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнөөдөр ард түмэнд хамгийн хэрэгцээтэй ажлыг эхлүүлэх ёстой. Тийм учраас концессийн асуудалд би гомдоод байгаа юм. Гишүүн бүр дээр тавьсан 76 сургууль цэцэрлэг хаачсан бэ. 5.3 тэрбум төгрөгийн концессоос хармалсан. Өнөөдөр би эрдэмтэн багш нар, эмч сувилагч, энгийнй ажилчдаа хаясан. Дарга нарын хангамжийг цуцлаад багш нарын цалингаа нэмэх хэрэгтэй. Засгийн газар эрх ашгийн эрэмбээ тогтоох ёстой.

 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
 Эхний үед би Засгийн газраа дэмжиж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байгааг нь дэмжиж байлаа. Гэтэл сүүлийн үед шийдвэрээсээ буцаж, нэг асуудлыг дахин дахин оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж:  2012-2016 онд Ардчилсан нам засаг барьсан. Манай намын хийсэн бүтээн байгуулалтад иргэд сайшаалтай ханддаг. Харин лидерүүдийн толхилцооноос болж бид үр дүнгээ хүртээд сууж байна. Энэ парламентад 41 шинэ гишүүн байгаа. Бид эр сайндаа гараагүй. Өнгөрсөн дөрвөн жилд танай нам сөрөг хүчин байхдаа алдааг хэлж байснаас үүдэлтэй юм. Шинэ гишүүд хэт их биеэ тоож байна. Зарим гишүүн сонгогчтойгоо уулзахдаа “Чамайг хэн сонго гэсэн юм” гэж байхад нөгөө нэг нь өөрийнхөө жаазтай зургийг бэлэглэж байна. Ингэж биеэ тоож болохгүй. Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн. Өргүй байна гэчихээд нэг тэрбум ам.доллар гаруйгаар өрөө нэмэгдүүлчихлээ. Бид нэг ам.доллар 1900 гаруй төгрөг байхад засгийн эрх хүлээлгэж өгсөн. Ард түмэн Засгийн газрын хийсэн ажилд эгдүүцэж байгаа. Тиймээс шударга ёсыг шаардаж байна. Ард түмний намд итгэх итгэлийг бид сэргээх ёстой шүү.

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт:  "Монголын ард түмэн 2016 онд Монгол Ардын намд итгэн хариуцлага хүлээлгэж, 65 суудалтай болгосон. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал үнэхээр ч хүнд байсан. Тиймээс ч Монгол Ардын нам бидний амьдралыг сайжруулах байх, ажилгүйдэл ядуурлаас гаргах байх, улс орны эдийн засгийг өөд нь татах байх, тогтвортой ажиллах байх гэж итгэж бидэнд саналаа өгсөн. Харамсалтай нь, жилийн дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Ардын намын журмын нөхөд маань тавьж, өнөөдөр ард түмний итгэл рүү ус цацаж байгаад харамсч байна. Ганц итгэл найдвар нь Монгол Ардын нам байсан. Засгийн газар чадлаараа ажилласан. Улс орны эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал тааруухан байгаа. Гэхдээ сайжруулахын тулд ажиллаж байгаа. Тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт бий болсон. Олон улс, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэсэн. Миний хариуцсан хууль зүйн салбарт гэхэд л гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллага, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гээд олон чухал хуулийг баталж, асуудлыг шийдэж ажиллаж байгаа. Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийн нэг концессийн асуудал. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэртэй 56 концессийн нэг нь Чойрын дэд станц байгаа юм. 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам байхдаа концессийн сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд гурван компани оролцсон. Хоёр компани нь Засгийн газрын баталгаа шаардсан юм билээ. Засгийн газрын баталгаа шаардаагүй компанитай нь Эрчим хүчний сайд Зоригт байхдаа шалгаруулж, гэрээний төслийг байгуулсан. УИХ-ын 2016 оны тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт энэ орчихсон байгаа. Эдийн засгийг сэргээх УИХ-ын тогтоолын дагуу 2016 оны 12 дугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Үндсэндээ 2013 оноос хойш явж байгаа ажил. Гэтэл өнөөдөр хууль зөрчсөн, луйвар хийсэн гэж журмын нөхөд маань ойлгуулах гэж оролдож байгаад харамсч байна. Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үгийг бүү хэл гэж Монгол Ардын үг байдаг.Тиймээс би өөрийгөө шалгуулна. Би хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэгэн сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ шалгуулна. Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ харлуулах, гутаах ийм зүйл битгий хийдэг байгаасай. Улс төр хийж болно, зорилго тавьж болно, сэтгэл санаанд нийцэхгүй байж болно. Хамгийн гол нь гүжир гүтгэлэг гаргаж битгий журмын нөхдөө гомдоож байгаасай гэж хүсмээр байна.

 УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Засгийн газрыг огцруулахаар хуралдаж байгаа нь маш эмгэнэлтэй байна. Асуудлыг намын их хурлаар хэлэлцэх байсан. МАН-ыг ард түмэн, сонгосон, итгэл хүлээлгэсэн. 65 суудал өгсөн. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хоёр жилийн ажлыг нэг жилийн дотор хийж амжуулсан. Монгол улсын Засгийн газар анх удаа хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооцоод дараагийнх нь мэргэжлийн хүнийг томилсон. ЗГ-ын эхлүүлсэн ажлын үр дүнг үзэх ёстой байсан

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Бид өмнөх Засгийн газрын буруу бодлогыг засч залруулж ажилласан. Бүх зүйлийг муугаар харж, хараар будаж болохгүй. Эдийн засгийн бүх үзүүлэлт сайжирсан. Хэдийгээр өнгөрсөн хугацаан гаргасан шийдвэрүүд хүнд хэцүү байсан ч бүгд ирээдүйгээ харсан шийдвэр байсан. Үүнтэй холбоотой алдаа, оноо бүхэн бидний 65 гишүүнийх.

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчин­тэй гэдгээ битгий мартаарай гэж би энэ Засгийн газрыг анх байгуулагдахад нь хэлж байсан. Би огцруулах бичигт хамгийн сүүлд гарын үсэг зурсан. Анх Засгийн газар байгуулагдахад нь "Эрдэнэт"-ийн 49 хувийг нам дамнасан олигархийн бүлэглэлээс салгаж аваарай, үүнийг л болиулахгүй бол Засгийн газартай чинь тэмцэнэ шүү” гэж хэлж байсан. Миний огцруулах бичигт гарын үсэг зурсан ганц үндэслэл энэ шүү.

Гишүүдийг саналаа хэлсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн.  Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Үүний дараагаар  Ж.Эрдэнэбатын  Засгийн газрыг огцруулах эсэхийг санал хураасан. Санал хураалтад  Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Б.Наранхүү нараас бусад 73 гишүүн оролцсон. Тодруулбал, Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн саналаар санал хураахад дараах гишүүд дэмжсэн байна.  

Ингэснээр  Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч бүгд үүрэг гүйцэтгэгч болсон.  Тэд дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл  үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.