МАН XXVII Их хурлаасаа улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс үндэсний аюулгүй байдал, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх зарим асуудлаар  бусад улстөрийн намуудтай зөвшилцөж ажиллах уриалга гаргасан.

Уг уриалгыг ажил хэрэг болгох эхлэлийг тавьж, МАН-ын дарга М.Энхболд бусад намын дарга нартай уулзсан билээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уриалгыг хэрэгжүүлэхээр улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар сард нэг удаа уулздаг болсон билээ.  Тэгвэл хоёр дахь удаагийн уулзалт өчигдөр орой боллоо. Энэ удаагийн уулзалтад  Бүгд найрамдах нам,  Монголын ногоон нам,  Иргэний зориг ногоон нам,  Хамаг Монголын хөдөлмөрийн на, Монголын ардчилсан хөдөлгөөний нам,  Монгол ардын нам зэрэг долоон намын төлөөлөл ирлээ.  Харин хоёр намын төлөөлөл хүндэтгэх шалтгаантай тул ирж амжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

 Уулзалтад  УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож  12-р сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд  МАН ямар байр суурьтай байгаа, сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар  мэдээлэл хийсэн юм.  Тодруулбал:  МАН-ын бүлэг  сөрөг хүчний хувьд улс орны эрх  ашгийн төлөө ажиллаж УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлэлцэж байгаа асуудлын заримд нь  шүүмжлэлтэй хандаж, шахах шаардлагатай ажлуудад шахаж байгаа.  Харамсалтай нь АН олонхоороо  хүч түрэн асуудлыг шийдэж байна.  Тухайлбал  УИХ-ын гишүүн давхар  Засгийн газрын гишүүний ажил хийхийг хориглоно гэснийг хэлэлцэн баталсан өдрөөс нь эхлэн  хэрэгжүүлэх ёстой.  Тэгтэл  АН олонхоороо түрий барьж 2016 оноос хуулийг хэрэгжүүлэх болсон.  

Өнөөдөр байнгын хороо болон УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаа.  Энэ нь АН-ын нэг гишүүн өнөөдөр гурван байнгын хороонд харъяалагдаж байгаа бол МАН-ын гишүүн нэг л байнгын хороонд харъяалагдаж байгаатай шууд холбоотой.  Мөн олонх болсон улс төрийн хүчин өнөөдөр  ирц бүрдүүлэхэд огт анхаарахгүй байна.  Дахиад л олонхоороо түрий барьж  хурууны хээгээр ирц бүртгэдэг болгочихож байгаа юм.  

“Алтны худалдааны ил тод байдлын тухай”  хуулийн төслийг хэлэлцэхгүй хэмээн буцаасан байгаа.  Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдсан тохиолдолд   Оюутолгой одоо төлж байгаа татвар хоёр дахин багасах байсан. Энэ мэтээр эсэргүүцсэн хуулийн төслүүд байгаа. Үүнээс гадна дэмжиж байгаа хэд хэдэн хуулийн төсөл байгаа.  

МАН-ын 27-р их хурлаар  Монгол улсын хөжглийн бодлоготой болох санал гаргасан:  Улмаар тогтоолын төсөл боловсоруулан УИХ-ын даргад өргөн барьсан байгаа.  Энэ долоо хоногтоо багтан хэлэлцэх төлөвтэй байгаа.  Энэ тогтоолын төсөл нь  Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриатай  дүйж байгаа.  Мөн хотыг дахин хөгжүүлэх тогтоолын төслийг МАН-ын бүлгээс хэлэлцэхийг дэмжиж байгаа.

Монгол улсын нийт гадаад өр 18.2 тэрбум ам.доллар байгаа.  Засгийн газар ганцхан жилийн дотор 2.2 тэрбум ам.долларын өр тавиад байна. Өөрөөр хэлбэл 1990-2012 онд гадаад өрийн хэмжээ 2.4 тэрбум ам.доллар байсан бол 2012-2013 онд буюу ганцхан жилийн дотор 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газар одоо Чингис  бондын үлдэгдэл   3.5 тэрбумыг дахин авбал улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулахын зэрэгцээ ард түмний нуруун дээр хүнд ачаа ирнэ.  Өнөөдөр эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард түмний амьдрал ахуйг доройтуулж буй эрх баригчидтай хариуцлага тооцох ёстой.  Тиймээс хоёр сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан” хэмээн ажлаа тайлагнасан юм.

Сангийн сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр нарыг огцоруулах хэрэгтэй гэдэгт улс төрийн намуудын ЕНБД нар дэмжиж санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.  Тухайлбал Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг “Ямбыг нь эдэлж буй бол ялыг нь ч бас үүрэх ёстой. Өнөөдөр эдийн засаг аюултай байдалд хүрлээ. Наад зах нь өрийн асуудал байна. Их өрийн 80 хувьтай тэнцэх өр тавьсан гэж байна. Гэтэл их өр тавьж юу бүтээн босгосныг хар. Өнөөдөр  энэ өрийг  юунд зарцуулж байна. Гарт баригдаж, нүдэнд харагдах юм байна уу. Ерөөс энэ Засгийн газар багаараа ажиллаж чадахгүй байна. Тиймээс Н.Батбаяр, Ч.Улаан нартай хариуцлага тооцохыг дэмжиж байна” гэлээ.

 Энэ үеэр намуудын  Ерөнхий нарийн бичгийн дарга нар эдийн засагтай холбоотой хардлага төрж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал

Монгол улсын валютын сангийн нөөц ганцхан сарын дотор 50 хувиар буурсныг Bloomberg телевиз мэдээлсэн. Энэ нь  юуг илэрхийлж байна вэ гэхээр Монголын хувийн хэвшлүүдийн гадаад улсад тавьсан 10 орчим тэрбум ам.долларын  зээлийн баталгааг  Засгийн газар даасан болохоор  төрөөс буюу валютын сангаас хүүг нь төлж байх магадлалтай. Энэ байдлаараа Монгол улс дараа жилийн 6-р сард хямрал зарлахаар байна.  Монгол улс хямрал, дампуурлаа заралсан  тохиолдолд Европын холбооны улсууд шиг болж, аль нэг улсаас шууд хамааралтай болно гэдгийг  оролцогчид  онцолж байлаа.

Үүний хариуд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Өнөөдөр Монгол улсын нийт гадаад өр 18 тэрбум ам.доллар байгаа.  Энэ нь хямрал зарлахад хүрээд байгаа Украйны  өртэй тэнцэж байна. Украйн улс манайхаас хэд дахин олон хүн амтай ч  гадаад өр  өнөөдөр 18-24 тэрбум ам.доллар. Энэ нь  үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагаас гадна, ард түмний нуруунд хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг юм. Нөгөө талаас  Ч.Улаан, Н.Батбаяр сайд нар 2014 оны төсвийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхдээ  Чингис бондын зарцуулалтыг төсөвт суулгаагүй. Энэ нь  төсвөөс гадуурх төсвийг бий болгосон.  Ингэснээр Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарт бондын мөнгийг дураараа хяналтгүй зарцуулах боломжтой болж байгаа юм. Нөгөө талаас  Чингис бондыг  улсын төсөвт суулгасан тохиолдолд  төсвийн алдагдал их болсон нь харагдах гээд байгаа болохоор  төсвөөс гадуур төсөв баталж байгаа.  Үүнийг эсэргүүцэн  иргэд  марааш  төрийн ордоны гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийх юм билээ.  Хүсвэл та бүхэн нэгдэх боломжтой.” гэдгийг мэдээлэв.  

Улс төрийн намуудын  ЕНБД нар  улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа бөгөөд ямбыг нь  эдэлж байгаа бол ялыг нь ч гэсэн үүрэх хэрэгтэй.  Тиймээс  Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарт хариуцлага тооцох нь зүйн хэрэг бөгөөд  Засгийн газарт шаардах бичиг хүргүүлэх нь зүйн хэрэг хэмээн үзэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.  

 

А.Баярмаа