Төр засаг бүхий л зүйлсийг цахим болгоно, ухаалаг болгоно гэж ярих их дуртай болсон. Ингэснээрээ дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах юм гэнэ лээ.

Буруу нь юу байхав. Цахимжиж болно. Гэхдээ аюулгүй байдлаа хэр сайн хангаж чадах юм бол гэдэг нь асуудал болоод байгаа юм. Дэлхий нийтэд кибер халдлага идэвхжиж, цахим мэдээлэл руу халдан довтолдог арми ажиллаж байхад өчүүхэн бид хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах билээ. Хангаж чадахгүй байгаа талаар ч мэргэжлийн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй л ярьсан. Өнгөрсөн жилийн өдийгөөс эхлэн иргэдийн зарим нэгэн мэдээллийг төрийн нууцаас гаргана, цахим гарын үсэг хэрэглэдэг болгоно гэж нэг хэсэг юм болсон. Гэхдээ тэд иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буйгаа ойлгоогүй. Иргэд лавлагаа авдаг ТҮЦ машин энд тэнд тавьж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж буй нь сайшаалтай ч мэдээллийн аюулгүй байдал нь хэр найдвартай бол гэж хааяа боддог юм. Бодвол манай ТЕГ болон ҮАБЗ гэх газрууд нь шалгаж, хянаж байдаг байлгүй гэж бодоод түр тайвширья.

 

            Өчигдөр Улс төрд их ноцтой гэж болох үйл явдлын эхлэл тавигдах шиг боллоо. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга ирэх долоо хоногоос гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж, карт олгоно. Гишүүд ирцээ бүртгүүлсэн дарааллаар үг хэлж, хурууны хээгээр санал өгнө гэж мэдэгдэж байсан. Хэлсэн ёсоор өчигдөр чуулганы хуралдаан эхэлж, гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, картаа авав. Гэхдээ зарим гишүүд төхөөрөмж алдаа гаргаж байгаа учраас хуралдааны эхэнд шалгахаар болсон байна. Энэ үеэр нэлээдгүй алдаа гарчээ. Тиймээс дээрх асуудлаас болж МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авч, ТЕГ болон ҮАБЗ-д бичиг илгээжээ. ТЕГ-т хандан техник шалгуулах тухай хүсэлтэд дурьдсанаар бол " Хуралдааны эхэнд энэ асуудлаар Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуулиар баталгаажуулсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болж  байгааг илэрхийлж, тус төхөөрөмжийг гишүүдийн саналын дагуу шалгаж үзсэн болно.

 

            Шалгалтаар тус төхөөрмж ноцтой алдаатай, хэвийн бус ажиллагаатай болох нь тогтоогдлоо. Тухайлбал: Улсын Их Хурлын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өмнө байдаг ирц хянадаг компъютер ажиллахгүй байх, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргын микрофон ажиллахгүй байх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Батхүү нарын санал эсрэгээр гарсан мөн нэгдсэн хуралдаанд ирсэн 10 эмэгтэй гишүүн санал өгч  үзэхэд  17 эмэгтэй гишүүн гэж   гарах  мэтээр алдаанууд гаргав.

 

            Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн, хөндлөнгийн аюулгүй байдлын баталгаа хангагдсан нөхцөлд явж байх ёстой. Гэтэл энэхүү аюулгүй байдал алдагдаж байна.

 

            Иймд дээрх төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай шалган тогтоож хариу ирүүлнэ үү" гэжээ. УИХ-ын үйл ажиллагаанд ашиглаж байгаа төхөөрмжийн аюулгүй байдал болон мэдээллийн боловсруулалт нь үнэн бодитой байх эсэхэд мэргэжлийн байгууллага хяналт, шалгалт хийх нь зүйн хэрэг. Удаан хугацаанд ярьж, шийдвэрлэсэн дээрх төхөөрөмж яагаад алдаа гаргав гэдэг бас л сонин. Хурууны хээний төхөөрөмж алдаа гаргаж, техник хэрэгсэл нь гацаж, буруу мэдээлэл гаргаснаас үүдэж, улс төрийн хүрээнд "Сонгуулийн хар машин ч гэсэн иймэрхүү но-той байсан биз" гэх яриа дэгдэж эхэллээ. Ямартай ч өчигдрийн асуудлаас үүдэж төрийн ордонд олон янзын яриа нэг хэсэг хөврөх биз. Гэхдээ ер нь мэдээлэл боловсруулдаг цахим төхөөрөмжүүдийн ажиллагаа үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэдгийг хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүртгэдэг төхөөрөмж харуулчих шиг боллоо.

 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл МАН-ын бүлэг завсарлага авсаны дараа хуралдаж системын үйл ажиллагаагтай танилцсан талаар Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ "Өнөөдрийн хуралдаанд энэ системийг ашиглах явцад зарим гишүүдийн микрофон ажиллахаа больсон, санал хураалтын явцад буруу зөрүү санал гарлаа гэсэн үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Завсарлага авснаас хойш Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд чуулганы танхимд цуглан хуралдаж системийн үйл ажиллагааг шалгалаа. Ингэхдээ Дэгийн тухай хуульд орох өөрчлөлтийг баталж гаргах хүртэл  хурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр зогсооё. Харин батлагдсаны дараа ашиглая. Тэр хүртэл хуучин системээрээ явья гэж шийдсэн. Бид бүх микрофон, санал хураалтын системүүдийг шалгасны үндсэн дээр  УИХ дахь МАН-ын бүлгийн тавьсан шалтгаан арилсан байна гэж үзсэн" хэмээжээ.

 

УИХ-ын тамгын газрын зүгээс алдаа гарахгүй байгаа гэж хэлээд, алдаа гарахгүй байгаа гэдгийг батлах гэж өчигдөр нэлээдгүй юм боллоо. Сэтгүүлчдээр хүртэл туршилт хийлгээд үзсэн тэгэхэд алдаа гараагүй гэдгийг цахим хуудсаараа хүртэл мэдээлээд авсан юм. Харин МАН-ын зүгээс мэргэжлийн байгууллагын шийдвэрийг хүлээх бололтой.

 

Ямартай ч УИХ-д өрнөөд байгаа хурууны хээгээр ирц бүртгэх систем шуугиан тарьж эхлээд байна. Цаашид үйл явдал хэрхэн өрнөж, мэргэжлийн байгууллагуудын зүгээс ямар хариу, дүгнэлт ирүүлэхийг хүлээх л үлдэж байх шиг...

 

Н.Чинзориг