Хүүхдээ төөрүүлсэн эх ЯЛ авлаа
2017/10/12
Энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийнхан хүүхдийг очиж авсан бөгөөд худалдааны төв дэх камерын бичлэгт уг хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн нарийвчлан шалгахад 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон байна. Ч гэгч бүсгүй С гэгч залуутай хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон гэдгээ мэдүүлжээ.
Дээрх хоёр этгээдэд 117. 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Прокурорын байгууллагаас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, хүүхдийн ээж Бямбасүрэнгийн Чимэд нь Монгол Улсын иргэн, 1993 оны 9 сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, өрлөг арматурчин мэргэжилтэй, орцны үйлчлэгч ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай нэгэн.
Охины ээжтэй хамтран амьдрахаар болж, төөрүүлсэн гэх Дэрэнборын Сэр-Од нь Монгол улсын иргэн, 1993 оны 7 сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй халх, боловсролгүй, мэргэжилгүй, орцны жижүүр ажилтай, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай нэгэн юм.
Охины ээж Б.Чимэд нь хүүхдээ төөрүүлэх болсон шалтгаанаа мөрдөн байцаалтын явцад: “..Сэр-Од бид хоёр ажилд орохоор бүртгүүлэхдээ хүүхэдтэй юу гэж асуухаар нь хүүхэдгүй гээд хэлчихсэн байсан юм. Тэгээд Сэр-Од бид 2 хоорондоо хүнд өгөх үү, төөрүүлэх үү гэж ярилцаж байгаад Сэр-Од Бөмбөгөрт аваачаад төөрүүлчихье гэж хэлсэн. Тэгээд Сэр-Од бид 2 Ууганааг дагуулаад хороололоос Гандангийн хажуугаар гараад алхаад явж байгаад, Бөмбөгөрийн хойд талын баруун тийшээ харсан хаалгаар орохдоо Сэр-Од тэвэрч ороод газар буулгачихаад түрүүлээд явсан. Тэгээд би охин Ууганааг дагуулаа Сэр-Одын араас хүнсний ногооны дундуур явж байгаад, би охинтойгоо хамт цаашаа түрүүлээд печень чихэр зардаг лангуун дээр үлдээгээд цаашаа явсан чинь араас Сэр-Од ирсэн. Тэгээд бид 2 зүүн талын хаалгаар гараад бөмбөгөр худалдааны төвийн араар тойроод автобусны хажуугийн гүүрэн дээгүүр гараад цаашаа зам гараад гандангийн хажуугаар гараад цаашаа гүйгээд явсан..” хэмээн мэдэүүлсэн.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт: .. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвийн чихэр жимний лангууны хажууд хүүхдээ Д.Сэр-Одтой орхиж явсан. Д.Сэр-Од намайг хүүхдээ орхичих, хоёулаа хамт орцны жижүүр хийе гэж хэлсэн тул би хүүхдээ орхисон.. гэж мэдүүлжээ. Охиноо ээждээ өгөх гэсэн боловч аваагүй тул орхисон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэдгийг нэмж хэлэв.
Охины ээжийн хувьд хүүхдээ хүнд өргүүлсэн хэмээн ээждээ болон ойр тойрны хүмүүстээ худлаа хэлжээ. Гэхдээ ээж нь зээ охиныг нь төөрүүлсэн гэдгийг зурагтаар мэдээ үзэж байгаад мэдсэн байна.
Энэ талаар охины эмээ: ..би зурагт хараад сууж байсан чинь манай зээ охинтой адилхан хүүхдийн зураг 25 дугаар суваг телевизээр гарсан. Зурагтаар гарсан хүүхэд манай охин Чимэдийн охин Ууганаа гэдэг охин байна..орой унтах гээд хэвтэж байхдаа би охин Чимэд рүү залгаад чи ирнэ гэсэн яасан бэ гэхэд би хүүхдээ Өвөрхангай аймгийн баян малчин айлд өргүүлчлээ гэж хэлсэн” гэж мөрдөн байцаалтын явцад өгсөн тайлбартаа хэлжээ.
Хүүхэд төөрүүлж хаясан этгээдүүдийг тэр дор нь саатуулсан. Тодруулбал охины ээжийг 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс, 2017 оны 8 сарын 24-ний өдрийг хүртэл 122 хоног, ээжийнх нь хамтран амьдрагч Д.Сэр-Одыг 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс 5 сарын 25-ны өдөр хүртэл 31 хоног тус тус цагдан хорьсон байна.
Улмаар эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 251-300 цаг албадан ажил хийлгэх, мөн 3-6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан байдаг ажээ.
Чингэлтэй дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхээс охины ээж болон хойд эцгийг гэм буруутай гэж үзсэн. Улмаар тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
Охины ээж Б.Чимэдийн цагдан хоригдсон 122 хоног, Д.Сэр-Одыг цагдан хоригдсон 31 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Чимэдийн албадан ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож, шүүгдэгч Д.Сэр-Одод оногдуулсан албадан ажил хийлгэх ялын хугацааг 52 цагаар тогтоосон байна. Ингэхдээ цагдан хоригдсон 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж тооцсон байдаг бөгөөд Б.Чимэдийн цагдан хоригдсон 122 хоног нь 976 цаг албадан ажил хийлгэх ялтай, Д.Сэр-Одын цагдан хоригдсон 31 хоног нь 248 цаг албадан ажил хийх ялтай тэнцэж байсан юм.
Ямартай ч хүүхдээ төөрүүлсэн эх ял авлаа. Төр түмэн нь хараад өгөх газар нь байхад хүүхдийн буян заяаг сэвтүүлэх гэж арга ядсан тайлбар хэлж байгаа бусармаг явдал үүгээр төгсгөл болоосой. Хүүхдээ тэжээж чадахгүй байгаа бол төөрүүлэхгүйгээр ядаж улсын асрамжийн газарт өргүүлчих л дээ ...
t · 2017/10/12
Yag zuv.nuguu hamsaatniig bas yalla.
t · 2017/10/12
Yag zuv.nuguu hamsaatniig bas yalla.
g · 2017/10/12
Buzriin huuriig al