Эрүүгийн хуулинд асар олон цоорхой бий. Цоорхой бүрийн цаана хүний эрх яригддаг. Өчигдөр бид эрүүгийн хуулийн цоорхойгоор  хулгайч нарын тухай “Шүүх хулгайч нарын толгойг илсээр... иргэд хохирсоор...”  нийтлэл бичиж асуудал хөндөж шийдлийг мэдээлсэн.  Энэ удаад хүчингийн хэргийн талаар хүргэж байна.  

2002 оны буюу хуучин эргүүгийн хуулинд хүчингийн хэрэгтэй холбоотой хоёр зүйл байв. Тодруулбал:

125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

125.1.Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126 дугаар зүйл. Хүчиндэх

126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126.2.Энэ хэргийг:

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;

126.2.3.давтан;

126.2.4.насанд хүрээгүй хүнийг;

126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;

126.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ

Хүчиндсэн бол 126, гаж хэлбэрээр хүчиндсэн бол 125-р зүйлээр шийддэг байв.

Харин шинэ эрүүгийн хуулиар хүчингийн хэргийг дотор нь олон төрлөөр ангилж ялгасан байгаа. Тодруулбал 2017.07.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуулиар 

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.бүлэглэж;

2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;

2.4.хохирогчийг жирэмсэн болгож;

2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;

2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;

2.8.харгис хэрцгий аргаар;

2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

 

Хоёр хуулийн хариуцлага буюу ялын тогтолцоог харьцуулан харцгаая.

·         Шинэ эрүүгийн хүчиндэх зүйл ангиар шалгагдаж байгаа этгээд хүндрүүлэх нөхцөлгүй бол 1-5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ. Хуучин эрүүгийн хуулиар бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байв. Зарчмын хувьд нэг их зөрүүгүй.

·         Хүндрүүлсэн нөхцөл нь хуучин хуулиар 5-10 жилийн  ял оноож байв. Харин шинэ хуулиар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хүчнгийн хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оноож байгаа. Ингэж ял хөнгөрүүлж байгаа  нь гэмт хэрэгтнүүдийн толгойг илсэн заалт байгаа юм.  

·         Хамгийн ноцтой хүчингийн хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол хуучин эрүүгийн хуулиар арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэдэг байв. Харин шинэ эрүүгийн хуулиар яг энэ заалтыг задалж, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар,  бага насны хүүхдийг хүчиндсэн бол, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэн гэж заажээ. Өөрөөр хэлбэл хүчин үйлдсэн этгээдийн ял хөнгөрсөн.  Хангалттай хөнгөрч байгаа.  

·         Бас нэг ноцтой харьцуулалтыг хүргэе. Хэрвээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол  өмнөх эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлгүй бол 2-5 жилээр, хүндрүүлэх нөхцөлтэй бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байв.  Гэтэл шинэ эрүүгийн хуулиар зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болж байгаа юм.  

·         Шинэ эрүүгийн хуулинд хүүхдийг буюу 14-18 насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулсан бол гэсэн заалт  бий. Энэ бол хүчингийн хэрэг мөнөөсөө мөн. Гэтэл 2-8 жилээр ял оноохоор болж байгаа юм.

·         Шинэ эрүүгийн хуулинд насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол нэг бол 450 000- 5 400 000 төгрөгөөр торгоно эсвэл 6 сараар нэг жилээр зорчих эрхийг  хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар  хорино гэж заасан. Энэ бол  хүчинийн хэрэг мөн. Гэтэл ийнхүү салгаж байгаа нь гэмт этгээдэд ял завших шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байна.  

 

Энэ бүхний цаана гаж донтон  ял завших боломжтой болж байна. Харин охид эмэгтэйчүүд, хүхдүүд хохирч бие, эрүүл мэнд, сэтгэд санаагаараа хохироо үлдэж байна. Тиймээс хүчингийн хэргийн  хуулийн хариуцлагыг  хүндрүүлж өгөх зайлшгүй шаардлага байна. Тиймээс хууль санаачлах эрхтэйгээрээ УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч та эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, олон хүний эрх ашгийг хамгаалж, гаж донтнуудад тооцох хариуцлагыг чангатгаж өгнө үү.