Тодотголгүй, тохиролцооны Засгийн газар ажилдаа оров
2017/10/23
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд үйл явдал өрнүүн байлаа. 100 хувь давхар дээлтэй, дэд сайдуудтай Засгийн газрын гишүүд томилогдож ажилдаа оров. Сайд нарын томилгоог лхагва, пүрэв гариг дамжин УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дөрөв дэх өдрийн үдэш шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд чуулганы үеэр магтаал гэхээс илүү шүүмжлэл нэлээд сонссон. 100 хувь давхар дээлтэй танхим бүрдүүлсэн нь сөрөг хүчин болон зарим гишүүдэд таалагдсангүй. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо хэмээн чуулганы үеэр АН-ын намын гишүүд мэдэгдэж байв. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Бас нэг яригдсан зүйл нь энэ Засгийн газрыг баталснаар МАН амлалтаасаа ухарсан үйл явдал болов. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр давхар дээлтэй засаглалыг бүрэн хална хэмээн амласан байдаг. Гэсэн ч улс төрийн энэ цаг үед сөрөг хүчний шаардлага, сонгуулийн амлалт, Ерөнхийлөгчийн санал зэрэг нэг их чухал байсангүй. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг хоорондын тэмцлийг намжааж, намын эв нэгдлийг эрхэмлэх үүднээс яалт ч үгүй бүгд давхар дээл “нөмөрч” таарав. Мөн У.Хүрэлсүх Засгийн газартаа аль эртнээс л “ардын” гэх тодотгол өгнө хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч анхнаасаа түүний байгуулахыг хүссэн ардын Засгийн газраас огт өөр танхим бүрдэж таарсан уу, УИХ-ын чуулганы үеэр тэрээр “бяртай” Засгийн газар хэмээн танилцуулсан. Танхимаа 100 хувь парламентаас бүрдүүлсэн учраас “бяртай” хэмээн тодотгосон гэж тайлбарлаж байв. Гэсэн ч энэ тодотгол УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч чадаагүй. Ардын, бяртай гэх үгнүүд энэ Засгийн газарт тохиромжгүй гэдгийг хэлээд зүгээр л Монгол Улсын Засгийн газар гэдгээрээ үлдэг гэдэг дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү зэрэг гишүүд байр сууриа илэрхийлж байв. Өмнөх жилүүдэд шинэчлэлийн, шийдлийн, мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар ажиллаж байсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн тодотгол, гоё ганган чимэг үггүйгээр байгуулагдаж байгаараа онцлог юм. Магадгүй тэдний албан бус тодотгол нь давхар дээлтэй Засгийн газар байж болох юм. Давхар дээлтэй сайдууд чуулганы нэгдсэн хуралдаан дээр салбартаа ямар ажил хийж хэрэгжүүлэхээ танилцуулсан. Үүнээс онцлон хүргэхэд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Шүүх шинжилгээний байгууллага дээр бага насны хүүхдээс төлбөр хураамж авдаг гурван сайдын хамтарсан тушаалыг цуцална гэдгээ мэдэгдсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэргийн захиалагчийг олох, энэ хэргийн нууцлалыг цуцлах зэрэгт анхаарч ажиллана гэв. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тийзний үнийг бууруулахад онцгой анхаарч ажиллана. Монопол болсон МИАТ гэдэг компанитай байх уу, эсвэл ард иргэд нь хямдралтай зорчих уу гэдгийн уялдаа холбоог нь эргэн харж ажиллана” гэв. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж гаргах дээр анхаарна. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Хотын ерөнхий төлөвлөгөөний асуудлыг анхаарч ажиллана. Барилгын зураг төсөл хийхдээ хүүхдийн талбайтай байх ёстой. Зарим нэг сургууль, цэцэрлэг барихад газар олдохгүй асуудал байдаг юм байна. Энэ бүхнийг шийднэ гэв. Ийнхүү Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаан дээр “чихэр” шиг үгнүүдийг хэлж, амлаж байв. Салбартаа очоод хэлсэн үг, амласан амлалтдаа хүрдэг бол ч сайхан л юм. Засгийн газрын сайдууд томилогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг нэлээд содон байв. Тэрээр “2018 онд таван их наядын өр төлөх туйлдсан эдийн засаг бүхий Засгийн газрыг хүлээж авлаа. Шударга ёсыг сэргээнэ. Ёс суртахуунгүй хүмүүсийг ажиллуулахгүй. Төрийн үргүй зардлыг багасгаж,өр зээл хязгаарлана. Газрын доорхи баялгаа дээрхи баялаг болгож,хүнс экспортлогч орон болно. Үйлдвэрээ цаасан дээр биш амьдрал дээр барина. Хүүхэд бүрт цэцэрлэг, гурван ээлжтэй сургууль бүрийг хоёр ээлжтэй болгоно. Нийслэлд хог боловсруулах үйлдвэр барьж, төв цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийднэ. Монгол хүн бүрийг аз жаргалтай байлгахын төлөө ажиллана” гэлээ. Чуулганыг Засгийн газрын тэргүүн иймэрхүү үгээр төгсгөсөн бол УИХ-ын дарга М.Энхболд “Эдийн засаг нь унасан байсан улс орныг хүлээн авч сэргээсэн өмнөх сайд нартаа баярлах хэрэгтэй шүү” гэдгийг бас хэлж амжив. Ийнхүү ямар ч тодотголгүй тохиролцооны Засгийн газар ажилдаа орсон долоо хоног болж өнгөрлөө.
У.Хүрэлсүхийн Засгийн газраас ард түмэн их зүйл хүлээж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
зочин · 2017/10/24
Тохиролцооны засаг юм уу
иргэн · 2017/10/24
Бяртай засгийн газар гэх нь зөв.
Зочин · 2017/10/23
аЖИЛ НЬ Л САЙН БАЙВАЛ ХЭДЭН ДАВХАР ДЭЭЛТЭЙ БАЙСАН ЯАДАГ БАЙНА