Тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ой тохиож байна
2013/12/28
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт өдрийн хүрээнд Богд Жавзандамба хутагтын хөшөөг Тусгаар тогтнолын талбайд байршуулах шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасантай холбоотойгоор шав тавих ёслол одоо болж байна.
Богд Жавзандамба хутагтын хөшөөний шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй, нийслэлийн удирдлагууд оролцож байгаа юм. Мөн энэ өдрийн хүрээнд 12.30 цагт Төрийн ордны хойд цэцэрлэгт байрлах Монгол төрийн тамганы хөшөөнд төр засгийн удирдлага, нийслэлийн удирдлага, улстөрийн нам хүчнүүдийн төлөөлөл цэцэг өргөнө.
Гурав дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж байгаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойн эл өдөр чансаа өндөр 128 бөх барилдана. Хүчит бөхийн барилдаан 14.30 цагт эхлэх аж.
Түүхчид 1911 онд өрнөсөн хувьсгалыг Богд Жавзандамба хутагт дэмжсэнээр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн олсон гэж үздэг юм. Тиймээс сүүлийн жилүүдэд төр засгийн зүгээс энэхүү түүхт өдөрт ач холбогдол өгч тэмдэглэх чухалчлан тэмдэглэх болсон билээ.
Х.Даваа