Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд буюу  Монгол бөхийн өргөөнд болж Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, Улсын начин Б.Пүрэвсайхан долоо давж Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таванхан" дэвжээ, "Мондэй" компани, "Ноёд" группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ. Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Энержи ресурс" компаний бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх нар шалгаран үлдсэн билээ.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших, А.Цацабшир, Н.Батсуурь нараар магнайлуулсан хүчит 128 бөх хүчээ үзсэн.

Дашрамд дурдахад, Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас дурсгалын зоосон мөнгө гаргасан бөгөөд цөөн тоогоор Англи улсад үйлдвэрлүүлсэн мөнгөн зоосны дээжийг монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаанд оролцсон хүчит бөхчүүдийн шагналд дагалдуулан гардуулсан юм.

Энэхүү зоосон мөнгөний нүүрэн талд англи, монголоор “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой, 1911-2011 он” хэмээн бичсэн бол монгол бичгээр “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой. Олуулаа болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж" хэмээн бичжээ.

Х.Даваа