Нийслэлийн айл өрхүүд амьтан тэжээх нь элбэг. Тэр дундаа нохой муур тэжээдэг хүмүүс олон болсон. Гэр хорооллын айлуудын тэжээдэг нохойнууд хашаанаасаа гарч хүн урах тохиолдол гарч байгаа юм.

Мөн золбин ноходын тоо өссөөр байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул золбин ноход устгах ажилд энэ жилээс эхлэн ихээхэн анхаарч ажилласан. Сүүлийн жилүүдэд нохойн анчид цөөрсөн тул нэг нохойг 5000 төгрөгөөр устгадаг байсныг 7500 болгон өөрчилсөн гэнэ.

Одоогоор 11 гэрээт анчин золбин нохой устгах ажил хийж байгаа бөгөөд энэ онд гэхэд 50 мянган золбин нохойг устгасан байна. Цаашдаа 30 мянган нохой устгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Энэ мэтчилэн золбин ноход, муурыг устгахгүй бол иргэдийн эрүүл мэндэд аюултай бөгөөд галзуурсан ноход хүн урсаар байгаа юм. Түүнчлэн нохой устгах нэрээр мөнгө олдог бүлэг этгээд байдаг байна. Тэдгээр нохой устгагчид хятад, солонгос хоолны ресторан болон зарим нэг цайны газрууд барилга дээр ажиллаж буй хятадуудад гулуузалсан нохойн мах нийлүүлэх гэрээтэй ажилладаг юм байна. Тиймээс мөн энэ байдал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд Солонгос болон Хятад хоолны газар ихэссэн бөгөөд тэд ямар махаар яаж хоол хийж байгааг мэдэхгүй учир иргэд олноор үйлчлүүлдэг байна. Тэгвэл зарим тохиолдолд нохойн махаар хоол хийх нь байдаг аж. Нохой махыг хямд үнээр авч хоолондоо хийн нохойн мах гэмээргүй болтол нь халуун ногоогоор амталдаг байна. Харин үйлчлүүлэгчид юуны мах вэ? Гэдгийг огтхон ч сонирхдоггүй. Гагцхүү нохойн махыг худалдаалж, хоолны газрууд түүгээр хоол хийж байгаа нь байж болохгүй хэрэг. Сүүлийн үед нийслэлд элбэгшээд байгаа нэг амьтан нохой. Нохой тийм ч муу амьтан биш. Хүн нохой хоёр бий болсон цагаасаа бие биендээ хань бараатай явж иржээ. Эзэндээ ээлтэй хамгийн сайн гэрийн тэжээвэр амьтан гэж үздэг. Гэвч өнөөдөр захын хорооллын жалга шуудуунд хаа сайгүй үхсэн нохойн сэг зэм хэвтэнэ. Үүнээс элдэв нян бактер үүсч хаврын салхи шороотой агаарт дэгдэн элдэв өвчин үүсгэж байгаа. Мөн хотын гудамжинд өдөрт золбин ноход хэдэн арваараа машинд дайруулна. Нийслэлийн гэрийн хорооллуудад нохойгүй айл гэж байхгүй.

Нарантуул, Хархорин, Хүчит шонхор захуудад нохой явж л харагдана. Өнөөдөр нийслэлийн захын дүүрэг хороодод орой үдэш явахад айдаг юмны нэг нь золбин ноход. Хотын хогийн цэгүүд дээр хог түүгчид нохойтой өрсөлдөнө. Энэ мэт байдал үргэлжилсээр байгаа ч өдийг хүртэл арга хэмжээ авч чадахгүй байна. Үхсэн нохойны махыг мөнгө олох гэсэн луйварчид хятад, солонгос хоолны гадруудад худалдаалж түүгээр хоол хийж байна. Нэг ёсондоо солонгос, хятад хоолны газраар ихээр үйлчлүүлдэг болсон Монголчууд өнөөдөр нохойн махаар хооллож байгаа хэрэг юм. Тиймээс дээрх асуудалд хяналт шалгатынхан арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм.

Ч.Гэрэлтуяа