Дахин төлөвлөлтийн компаниудыг иргэд сонгоно
2014/01/03
НИТХ-ын 12/43 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлт хийх хоёрдугаар ээлжийн байршлыг тогтоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, 105 дугаар сургууль орчмын 3.7 га газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны “Дарь эх” хороолол, Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” хийд орчим, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаалин” хийд орчим, Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Цэргийн Хотхон”-ы 54 га газар, Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Дэнжийн мянга орчмын газар нутаг хамрагдаж байгаа юм. Эдгээр байршлуудад төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулах бөгөөд эхний шалгаруулалтад 21 компани 31 санал ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн эхний шалгуурыг хангасан 12 компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хороонд танилцуулжээ. Төслийн Удирдах Хорооноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуур хангасан компаниуд, тэдгээрийн саналыг иргэдэд танилцуулж, санал авах ажлыг энэ сарын 6 -12-ны өдрүүдийн хооронд зохион байгуулах аж.