Хүүхдийн 20 мянган төгрөгөөс хүртэл хумслах нь шударга явдал мөн үү
2018/01/15
Нэрт эрдэмтэн Эйнштэйн “Орлогын татварыг ойлгоход хамгийн хэцүү тэнэг зүйл” гэсэн байдаг. Үнэхээр ч ойлгоход бэрх. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар Монголд шинээр мэндэллээ.
Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх, автомашины насжилтаас хамаараад татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх, шатахуун, архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох, импортын архи, тамхинд 30 хувийн татвар ногдуулахаар болсон. Энэхүү татварууд энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Эдгээр татваруудаас хамгийн хэцүү ойлгоход ярвигтай нь хувь хүний орлогын албан татвар. Үүнийг шатлалтайгаар нэмэгдүүлэх гэдгийг үнэндээ хэр баргийн хүн ойлгохгүй л байгаа. За энэ яахав гэж бодоход иргэдийн амьралд шууд нөлөө үзүүлэх аюултай татвар бол шатахуун. Энэ татвар шатахууны үнийг нэмэгдүүлэх шалтгаан болсон. Үүнийг далимдуулж шатахуун импортлогч компаниуд өдөр өдрөөр үнэ нэмж байгаа үйлдлийг холбогдох яам нь ч хүчрэхээ больж байх шиг байна. Шатахуун нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь хууль. Дээрээс нь цалин нь нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй байгаа иргэдийн нуруун дээр хэр зэрэг ачаа нэмэгдэхийг таашгүй. Бас олон төрлийн татварын дарамтад иргэд гүн гүнзгий орох нь гарцаагүй. Тэгвэл дээрх татваруудаас нэг их хүмүүсийн анхаарлыг татахгүй бай-гаа хадгаламжийн хүүгийн орлогын албан татварыг задалж үзье.
2006 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.16 дугаар заалтад “Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд.чөлөөлнө” гэсэн байдаг. Гэхдээ Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор урагшлуулж өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлсэн юм. Татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс татвар авч байна. Өөрөөр хэлбэл, та таван сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжаасаа 15 хувийн хүү буюу 750 мянган төгрөгийн орлого олдог бол үүнийхээ 10 хувийг буюу 75 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг юм. Бүр болоогүй сар бүр өгдөг “Хүүхдийн 20 мянган төгрөгийн хадгаламжийн хүүнээс татвар авсан байна” гэж гомдоллох ээж, аавууд цөөнгүй байна. Хүүхдэдээ зориулж мөнгө хадгална. Түүнээс нь төр хумслана. Олсон хэдэн төгрөгөө эрсдэлд оруулахгүй тулд банкинд хадгалуулна. Бас л төр хумслана. Ийнхүү хадгаламжийн хүүнээс 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Тэгвэл заавал хадгаламжийн хүүгээс татвар авах ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж татвар нэмэгдэхэд дуртай хүн байхгүй. Манайх шиг орлогоос татвар авдаг тогтолцоотой улсад ямар нэг аргаар орлого олсон л бол түүнээсээ татвар төлөх ёстой гэдэг дүрэм үйлчилнэ. Энэ дүрэм улам чангарсан нь айдас төрүүлж байна.
Иргэд Итгэлт баяны хэлдэгээр “Туулын усыг долоох шахам байж олсон хэдэн төгрөг”-өө татварт өгөөд дуусна гэсэн үг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь бас нэг дарамт л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай үед дарамт нэмэгдэж, иргэд банкнаас мөнгөө татаж, банкны зээлийн эх үүсвэр буурна. Үүнийг тод жишээ гэвэл өнгөрсөн жил иргэд банкнаас хадгаламжаа татаж, Засгийн газрын бонд руу хошуурсан. Гэтэл энэ оноос эхлэн хувьцааны ногдол ашгаас арван хувийн татвар авч эхэлжээ. Ингээд иргэд татвараас бултах газаргүй болох нь тэр. Хөдлөөд л татвар, татваргүй нэг ч алхам урагшлахаа болих нь ээ.
Үндэсний шуудан сонин
ЗОЧИН · 2018/01/15
энэ Татвар нэрээр Иргэдээсээ Хумсалсан мөнгөө өөрснөө авах зорилготой байгаа ш дээ
Зочин · 2018/01/15
ЭНЭ МОНГОЛ УЛС АВИЛГА АЛБАН ТУШААЛТАНЫ АРД ТҮМЭНЭЭ ДАРАМТЛАХ 2 т СӨНӨЖ ГҮЙЦЛЭЭ ХУУЛЬ ХЭЗЭЭ ДАРГА НАРТ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХ ВЭ ТЭР ЦАГТ МОНГОЛ УЛС ӨӨДЛӨН ДЭВЖИХ БОЛНО