Р.Амаржаргал: Нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг Ерөнхий сайд ажил болгох ёстой
2018/01/16
БНЭУ-аас манай улсад үзүүлж буй нэг тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газартай 2016 оны 12-р сард хэлэлцээр хийж Экспорт-Импорт банкны зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Энэ ажлыг та хэрхэн харж байна вэ?
-Газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулаад дотоодын хэрэгцээгээ хангаад явах нь мэдээж маш чухал. Үүнийг улс орны том эдийн засгийн үүднээс харах юм бол бид ямар ч үнээр хамаагүй өөрсдөө нефтиэ олборлож, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх л ёстой. Үнэхээр БНЭУ-аас зээл авахаар болсон бол, түүнийгээ ярьж тохиролцож чадсан бол, зээлийн мөнгөө үнэхээр нефть боловсруулах үйлдвэрт ашиглах гэж байгаа бол маш сайн хэрэг. Би 100 хувь дэмжиж байна.
Харин үүнд эдийн засгийн үр өгөөж гэхээсээ эдийн засгийн бус хүчин зүйлүүдийг нь илүүтэй харах ёстой. Монгол Улсын эдийн засгийн үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдлын асуудал, тусгаар тогтнолын асуудал гэж бий. Энэ бүх өнцгөөс харахад нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, хоёрдугаарт нефтийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, аюулгүй байдлаа баталгаажуулах асуудал юм. Тэгэхээр бидэнд нефть боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй, удаан хугацаанд хүлээгдэж байсан хүлээлт мөн.
-Нефтийн үйлдвэрийг дагаад олон жижиг, дунд үйлдвэр бий болох боломжтойг олон улсын практикаас тодорхой харагддаг?
-Технологийн асуудал. Өөрөөр хэлбэл, ямар технологитой, ямаршуухан үйлдвэр барих вэ гэдгийг мэргэжлийн инженерүүд шийдэх байх. Миний бодлоор модуль маягаар л баригдах болов уу гэж бодож байгаа. Эхлээд байгаа нөөц баялагаа ашиглаад, үүнийгээ боловсруулах үйлдвэр барих байх. Тэгээд үр дүнгээ өгөөд эхлэхээр нь томсгоод, залгаад, өргөжүүлээд явж болдог модулиудаас бүрдсэн үйлдвэр байх болов уу гэж бодож байна.
-2011 онд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байсан. Мөн Ерөнхий сайд байсан хүний хувьд бид боловсруулах үйлдвэрээ байгуулахад юуг анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Засгийн газар энэ асуудалдаа ач холбогдол өгөх ёстой л доо. Асуудлынхаа ач холбогдлыг тэд ойлгож байна уу, үгүй юу. Гэхдээ зөвхөн эдийн засгийн утгаараа биш. Улс төрийн болон бусад утгаараа газрын тос боловсруулах үйлдвэр барих нь онц чухал зүйл. Үүнийг ойлгож байгаа бол тэр хэмжээнд нь ач холбогдол өгөх ёстой. Нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг Ерөнхий сайд өөрийн шууд хяналтанд авч, үр дүнгээ гаргаж ажиллах ёстой. Үйлдвэрийн асуудлыг өөрөө байнга хянаж, чиглүүлж, залж удирдаж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Түүнээс нэг шийдвэр гаргасан болоод л хаячихдаг, хэн юу хариуцаж байгаа нь ч мэдэхгүй дундаа хийгээд орхичих юм бол энэ ажил бүтэхгүй. Энэ чинь өөрөө Улс төрийн болон бусад утгаараа онц чухал гэдгийг дахин хэлье.
-Олон улсын харилцаа талаас бодох шаардлага гарах нь зүйн хэрэг. Хоёр хөрш энэ асуудалд хэрхэн хандах бол?
-Монголчууд өөрсдөө технологийн шийдэл олоод, түүнийгээ сураад, эзэмшээд, цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд, өөрийн зах зээлдээ гаргаж байхад манай хоёр хөрш баярлах л байлгүй дээ. Биднийг хөгжөөд ирэхээр дотор нь муухайраад суухгүй байлгүй.
-Бид нефтийн бүтээгдэхүүнийхээ 98 хувийг ОХУ-аас авдаг. Тиймдээ ч манай улсыг газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудалд ОХУ таатай ханддаггүй л болов уу?
-Мэдээж аж ахуйн нэгжүүд чадалтай өрсөлдөгч шинээр гарч ирэхэд баярлахгүй л дээ. Гэхдээ манайх гарцаагүй л хоёр хөрштэйгөө технологийн хамтын ажиллагаа, зах зээлийн борлуулалтын асуудлыг ярьж таараа. Тэгэхээр манайх хөршүүдтэйгээ хамтран ажиллах орон зай үүснэ гэж би ойлгож байгаа. БНЭУ-аас санхүүгийн эх үүсвэр гарч ирж байгаа. Бас тодорхой технологи ч байх нь дамжиггүй. Гэхдээ үндсэн технологи нь БНХАУ-ын юм уу, ОХУ-ын орчин үеийн дэвшилтэт технологи байна шүү дээ. Эсвэл бүр гуравдагч, дөрөвдөгч хөрш орноос ч шинэ технологи авч болно. Хаанаас ч байсан бид инженер, техникийн ажилтнаа бэлтгэх, гаргасан бүтээгдэхүүнээ тодорхой зах зээлд шилжүүлэхэд мөн л хамтын ажиллагаа шаардагдана. Тиймээс л энэ ажлыг амжилтанд хүргэе гэж байгаа бол Ерөнхий сайд өөрөө гардан хариуцаж, энэ бүх зүйлийг уялдуулах ёстой.
-Бид нефтийн үйлдвэртэй болох асуудлыг олон жил ярьж байна. АН Засгийн газар Самурай, Чингис бонд босгосон, бид мөнгөтэй байсан. Яагаад энэ үед бондын мөнгөөр нефтийн үйлдвэр байгуулж болоогүй юм бэ?
-Ёстой мэдэхгүй. Даанч тэр мөнгийг захиран зарцуулах эрх нь надад байгаагүй л дээ. Миний мэдэж байгаагаар тухайн үед энэ асуудлыг бизнес эрхлэгчид тавьж л байсан. Тэгээд яагаад ч юм шийдэгдээгүй өдийг хүрсэн.
-Бондын хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжөө өгөхгүй салбарт оруулсан гэж зарим хүн шүүмжилдэг. Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг бол эдийн засгийн асуудал биш Үүнээс хамаагүй том асуудал. Тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал. Эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал. Түүнээс ямар хөрөнгө оруулалт хаачив, юунд зарцуулав гэдэг бол 30 дугаар асуудал.
Бид нефтийн үйлдвэр байгуулаад хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахгүй ч гэсэн ядаж байгаа нөөцөө ашиглаад дотоодын хэрэгцээнийхээ 30-40 хувийг хангачих хэрэгтэй.
Цахилгаан эрчим хүч ч ялгаагүй. Болж өгвөл өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангая, илүүг нь экспортонд гаргая гэдэг хоёр том асуудал байгаа. Эцсийн эцэст энэ хоёр асуудлыг шийдэж байж бид хөгжинө шүү гэдгийг би одоогоос 16 жилийн өмнө, 2000 онд ярьж, хэлж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй л ирлээ.
-Эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа нь нефтийн үйлдвэрлэл гэлээ. Яагаад?
-ОХУ-тай хийж байгаа гадаад худалдаа бол үндсэндээ нефтийн бүтээгдэхүүн л байгаа. Өөр юм байхгүй. Монгол Улсын нийт гадаад худалдаанд ОХУ-ын эзэлж байгаа жин 10 орчим хувь. Маш жоохон. Өөрөөр хэлбэл, Монголын бизнес эдийн засгийн салбар үндсэндээ ОХУ-ын эдийн засгаас хамаарахгүй, тусдаа оршин тогтнож чадаж байгаа. Ганц холбогддог зүйл нь нефтийн бүтээгдэхүүн. Хэрэв энэ нь ямар нэгэн шалтгаанаар гажих, доголдох юм бол Монгол Улс юу болох нь ойлгомжтой. Тэр утгаараа энэ бол зайлшгүй л яригдах ёстой асуудал.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
boli · 2018/01/16
ene neg hudlaa zagvar hun baih um.
Б.Лувсан-Осор · 2018/01/16
Баярлалаа маш зөв зүйл ярьсан байна! Даанч өнөөгийн Уих Засгийн газар хийхийг хүсэхчгүй ОУВС гэдэг хойд эцэгтээ лрэлнэ тэд хэзээч манайхыг үйлвэрлэгч орон болгохгүй! Ипортлогч б айлгах ганцан хүсэлтэй байгуулагшүүдээ Даанч харамсалтай байна даа
Б.Лувсан-Осор · 2018/01/16
Баярлалаа маш зөв зүйл ярьсан байна! Даанч өнөөгийн Уих Засгийн газар хийхийг хүсэхчгүй ОУВС гэдэг хойд эцэгтээ лрэлнэ тэд хэзээч манайхыг үйлвэрлэгч орон болгохгүй! Ипортлогч б айлгах ганцан хүсэлтэй байгуулагшүүдээ Даанч харамсалтай байна даа
Б.Лувсан-Осор · 2018/01/16
Баярлалаа маш зөв зүйл ярьсан байна! Даанч өнөөгийн Уих Засгийн газар хийхийг хүсэхчгүй ОУВС гэдэг хойд эцэгтээ лрэлнэ тэд хэзээч манайхыг үйлвэрлэгч орон болгохгүй! Ипортлогч б айлгах ганцан хүсэлтэй байгуулагшүүдээ Даанч харамсалтай байна даа
Б.Лувсан-Осор · 2018/01/16
Баярлалаа маш зөв зүйл ярьсан байна! Даанч өнөөгийн Уих Засгийн газар хийхийг хүсэхчгүй ОУВС гэдэг хойд эцэгтээ лрэлнэ тэд хэзээч манайхыг үйлвэрлэгч орон болгохгүй! Ипортлогч б айлгах ганцан хүсэлтэй байгуулагшүүдээ Даанч харамсалтай байна даа