Хүний аминд хүрсэн хэрэг гарангуут "Макс групп"-н барилга дээр ажиллаж байсан хятад ажилчдыг микрогоор зөөсөн гэнэ
2014/01/06
Дөнгөж түрүүхэн буюу 10 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Тэнгис кино театраас Гэсэр сүмийн уулзвар руу явах замын хажууд баригдаж буй "Макс групп"-ийн “Crown center”-ийн барилга дээрээс барилгын тулгуур төмөр унаж нэг хүний аминд хүрчээ.
Одоо тус хавьд замын хөдөлгөөн бүрэн хаагдсан бөгөөд Тэнгис кино театраас Гэсэр сүмийн уулзвар руу орох зам хаагдаад байгаа юм. Барилгын тулгуур төмөр Ланд-200 маркийн машин дээр унан дотор нь явсан жолооч эрэгтэй газар дээрээ амиа алджээ.
Одоогоос 2 жилийн өмнө энэ барилгатай ойр баригдаж буй Тэнгис кино театрын дэргэдэх барилгаас мөн төмөр унан оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ удаад үүнтэй төстэй хэрэг дахин давтан гарлаа.
Одоогоор хэргийн газар Нийслэлийн онцгой байдлын газрынхан ажиллаж байгаа юм. Хохирогчийн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байгаа юм.
Хэргийн газар байсан зарим нэг эх сурвалжийн ярьж буйгаар, микро автобус ирж, барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид тээвэрлэн хэргийн газраас зугтан явж байсан гэнэ. Хэргийн газар байсан гэрчүүдийн ярьж байгаагаар тус барилгаас төмөр унасны дараагаар микро автобус ирж барилгаас маш олон Хятадууд гарч ирээд машинд суугаад зугтсан байна.
Барилгын тулгуур төмөр 20 метр орчим өндөрөөс унан доор явж байсан машины дээрээс унасан аж. Осол болсон хэргийн газрын ойролцоо явсан эмч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр машин дээр очиход жолоочийн тархин тус газар нь төмөр зоогдож нас барсан байжээ.
Ямартаа ч "Макс групп"-ийн барьж буй барилга хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй улмаас гэмгүй нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарлаа. Хэрэг гарсан барилгыг Хятад эзэнтэй "Зуншин" гэдэг компани барьж байжээ. Түүнчлэн тус компани нь Макс группийн ихэнх барилгын ажлыг гүйцэтгэдэг гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн юм.
Энэ төрлийн осол гарсаар байхад холбогдох газрууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь энэ мэт харамсалтай хэргээс харагдаж байна.