-“ПЕТРОВИС” КОМПАНИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГЭРЭЭГЭЭР ШАТАХУУН НИЙЛҮҮЛДЭГ АЖ-

​Эрх мэдэлтэй, мөнгөтэй эрхмүүдийг хийсэн хэрэгт нь хариуцлага үүрүүлэлгүй зүгээр өнгөрөөдөг үзэгдэл манай хуулийн салбарынханд бий. “Ар өврийн хаалга”-аар хийсэн хэргээсээ мултарчихдаг гэсэн үг л дээ. Өнөөдрөөс хоёр сарын  өмнө “Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн шөнийн цэнгээний газарт танхайрч Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийг хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тодруулбал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний шөнө Сүх­баа­тар дүүргийн нутаг дэвсгэрт орших “VLVT” шөнийн клубт энэ хэрэг болсон юм.

Б.Дөлгөөн нь Их аваргын хацрыг нь зүсч, хамрыг нь муруйлгачихдаг “овсгоотой эр”. Гэвч Б.Дөлгөөн хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрч магадгүй байгаа аж. Б.Дөлгөөнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч “Шалгаж байна” гэхээс өөр мэдээллийг өгөхгүй байгаа. Зодуулсан гэгдэх их аварга Д.Дагвадорж ч зодуулснаа өөрөө юман чинээ тоохгүй байгаа юм байна. Цагдаагийн байгууллагын протоколд энэ хоёр эрхмийг хутаг мэсэндээ хүртэл зодолдож, гэмтсэнийг тэмдэглэсэн атал Д.Дагвадорж аварга “Ийм зүйл болоогүй” хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд эрчүүд хоорондоо тохиролцчихов уу гэх харыг төрүүлж буй юм.

Б.Дөлгөөн нь ч хийсэн хэргээсээ мултарч, хуурай гарчихдаг сүйхээтэй нэгэн гэж байгаа. Тэрбээр 2011 оны арваннэгдүгээр сард “Metropolis” шөнийн клубт мөн л бусадтай маргалдаж, нэгнийх нь нүдийг нь сохолсныхоо хариуд 14 хоног саатуулагдан шалгагдсанаас өөр хариуцлага хүлээгээгүй юм. Б.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн 96.2.1-т зааснаар “танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд санаатай гэмтэл учруулсан, хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан...”  гэх үндэслэлээр буруутган шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон удаатай. Хуул зүйн үндэслэлийг нь авч үзвэл 7-10 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байсан ч Б.Дөлгөөн зүгээр өнгөрчээ. Хохирсон, нүдээ сох цохиулсан өнөөх залуу нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Нямдаваагийн ганц хүү байв. Сайдын хүүгийн харах нүдийг тэс цохисон ч ийнхүү хэргээ санаан зоргоор шийдүүлчихсэн гэдэг.

Тиймээс энэ удаагийн хэргийг ч өөртөө ашигтайгаар шийдчих арга сүвэгчилж яваа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Их аварга ч эр хүний гүндүүгүй зан гаргаж, эрх танхил хөвгүүнд муугаа үзүүлж, хошуугаа унжуулахыг хүсэхгүй байгаа аж. Нөгөөтэйгүүр Д.Дагвадорж аварга олны хэл амнаас ч айсан бололтой юм. Д.Дагвадорж Б.Дөлгөөнөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэх мэдээлэл бий. Монгол Улсын шатахууны хэрэглээний  цөөнгүй хувийг импортоор нийлүүлдэг “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл хатагтай ганц хүүгийнхээ төлөө амь хайргүй зүтгэдэг гэх юм билээ. Иймээс ч тэрбээр их аваргын амыг тагласан уу гэдэг таамаг байна. Түүний эзэмшдэг “Петровис” компани нь цагдаагийн байгууллагатай ойр дотно харилцаатай ажилладаг. “Петровис” компани цагдаагийн байгууллагад гэрээгээр шатахуун нийлүүлдэг аж. Бензин, түлш ховордох, үнэ өсөх бүрийд хэтэвч нимгэн цагдаагийнхан “Петровис” компаниас царайчилж байж хэдэн литр шатахуун авдаг гэх мэдээлэл байгаа юм. Иймд хуулийнхан ч тэр, хохирогч их аваргын хувьд ч амаа таглуулсан бололтой.

Т.АМАРТҮВШИН