“Фэйсбүүк 2018 оны гуравдугаар сарын 15-нд хаагдана” гэж Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж, олон нийтийн дунд ч ийм яриа тархах болсонтой холбоотойгоор дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Марк Цукербергийн хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд хийсэн мэдэгдлийг орчуулан хүргэж байна.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг энэ сарын 19-нд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нүүрс хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ “2018 онд бид нийгмийн сүлжээгээ улам бүр боловсронгуй болгоход илүү анхаарлаа хандуулна. Өнөөдөр дэлхий дахинд хэт их сенсааци хөөсөн, ташаа бөгөөд нэг талыг барьсан мэдээлэл гарах нь олширчээ. Нийгмийн сүлжээнүүдээр ийм мэдээллүүд урьд өмнөхөөс илүү хурдтайгаар тархдаг болсон байна. Энэ асуудалдтай тэмцэхийн тулд “Фэйсбүүк”-ийн ньюсфийд буюу мэдээллийн сувагт тавих хяналтаа бид чангатгахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бид мэдээ мэдээллийг эх сурвалжаар нь эрэмбэлж, баттай эх сурвалжийн найдвартай мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх арга хэмжээг авах болно. Хэрэглэгчдэд цөөн ч гэсэн баттай, мэдээлэл сайтай мэдээ хүргэхийг би багийнхандаа даалгасан” гэжээ.

Ойрын үед тус компани “Фэйсбүүкийн ньюсфийдээр явж буй мэдээ мэдээллийн эх сурвалжийг мэддэг эсэх, хэрвээ мэддэг бол тэр эх сурвалжийг хэр баттай гэж үздэг вэ” гэсэн санал асуулгыг хэрэглэгчдийнхээ дунд явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тус компани ингэж ньюсфийдийн “цэвэрлэгээ” хийх болсон нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон буюу АНУ-ын Ардчилсан намын эсрэг мэдээ мэдээллийг тарааснаар Хиллари Клинтон Дональд Трампт ялагдахад хүрсэн гэх мэдээлэлтэй холбоотой аж. Мөн ийм сөрөг суртал ухаалгууд тараадаг явдал энэ оны 11 дүгээр сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд “Фэйсбүүк” мэдээллийн эх сурвалжуудад тавих хяналтаа чангатгаж байгаа гэнэ.

“Фэйсбүүк”-ийн тэргүүн М.Цукерберг дээрх мэдэгдлийг хийхээсээ долоо хоногийн өмнө мөн мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр уг мэдэгдэлдээ “Энэ онд “Фэйсбүүк” нэгэн томоохон өөрчлөлтийг хийх болно. Найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн хооронд “утга учиртай харилцааг” бий болгох үүднээс нийтлэлчид болон компаниудаас цөөн ч гэсэн хэрэгтэй мэдээллийг бид авч цахим хуудастаа тавьж байх болно. Өөрөөр хэлбэл, “Фэйсбүүк”-т зарцуулах хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс зөвхөн хэрэгтэй мэдээллийг л тэдэнд хүргэнэ” гэсэн байна.

М.Цукерберг саяхан ийм хоёр мэдэгдэл хийхдээ “Фэйсбүүк”-ийг хаах талаар нэг ч үг цухуйлгаагүй байна.

АНУ-ын Калифорни муж улсын Менло-Парк хотод төвтэй, хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг М.Цукерберг найзуудынхаа хамтаар 2004 онд үүсгэн байгуулсан юм. Тэр үеэс хойш “Фэйсбүүк хаагдана” гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байсан байна.

Тухайлбал, 2011, 2012 болон 2014 онд “Би урьдынхаараа амар тайван амьдарч, энэ бүх галзууралд цэг тавихын тулд “Фэйсбүүк”-ийг гуравдугаар сарын 15-нд хаахаар шийдсэн гэж Марк Цукерберг мэдэгдлээ” гэсэн мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байжээ.

Харин “Фэйсбүүк гуравдугаар сарын 15-нд хаагдана” гэсэн энэ удаагийн мэдээлэл нь “зөвхөн монголчуудын дунд л” тархсан байна. 

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг