Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг "Жаст" групп барьцаалж Англи, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийт 51 сая ам.долларын зээл авсан асуудлыг Олон улсын Арбитрын шүүх хэлэлцжээ. Улмаар Олон улсын Арбитрын шүүхээс  “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

 

-Олон улсын Арбитрын шүүхээс "Эрдэнэт үйлдвэр" ХХК үйл ажиллагааг битүүмжлэх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

-Өмнөд Африкийн "Стандарт" банк болон Монгол Улсын "Жаст" групп хоорондын маргаан явж байгаа юм билээ. Шийдвэрүүд нь гарчихсан. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй. Баталгаа гарсан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа. Бүр 2013, 2014 онд шүү. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байна. Сүүлд "Хадгаламж" банкийг хураах асуудал үүсч, Ш.Батхүү гэдэг хүнийг хорьсон байдаг. Дээр нь, шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги, хүү тооцдог. Үүний талаар цаашид яриа, хэлэлцээр хийх асуудал байгаа юм билээ. Түүнээс яг "Эрдэнэт үйлдвэр"-ийг битүүмжилсэн гэдэг нь худал. Ташаа мэдээлэл тарааж олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байгаа л явдал.

-Олон улсын Арбитрын шүүх эцсийн шийдвэрээ гаргачихсан юм уу. Манай талаас давж заалдах боломж бий юу?

-Давж заалдах ажиллагаа нь хийгдчихсэн юм билээ. Олигтой үр дүнд хүрээгүй шинжтэй байна лээ.

 

-Одоогийн байдлаар 102 сая ам.долларын торгууль төлөх асуудал яригдаж байна шүү дээ?

 

-Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн яригдаж байгаа зүйл нь одоогоор тооцогдож байгаа алданги, хүү, торгууль гэсэн зүйл. Энэ асуудлыг "Эрдэнэт" үйлдвэрийнхэн "Стандарт" банктай ярилцах боломжтой.

 

-Энэ мэдээлэл Засгийн газарт анх хэзээ ирсэн юм бэ? Өнгөрсөн хугацаанд нууцалж байсан хэрэг үү?

 

-Сүртэй нууцалсан зүйл байхгүй. Байнга л ярьж байсан сэдэв. АН-ынхан ч улстөржүүлээд л яриад байсан асуудал шүү дээ.

 

-Хууль зүйн, дотоод хэргийн яамнаас ямар нэгэн байдлаар оролцох уу?

 

-Өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт танилцуулга хэлбэрийн зүйл ирсэн байдаг. Тухайн үед энэ асуудлыг судлах Ажлын хэсэг зэргийг байгуулсан. Тэр Ажлын хэсгийг нь манай Төрийн нарийн бичгийн дарга толгойлсон юм билээ. Түүнээс маргаанд бол Засгийн газар болон Хууль зүйн, дотоод хэргийн яам оролцоогүй. Тэр бол цэвэр "Эрдэнэт" үйлдвэр, "Стандарт" банк хоорондын асуудал юм.  

 

Н.Гантуяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг