​Улаанбаатар их дэлгүүрийн хойно байрлах “Peace tower” цамхагийн цахилгаан шат унасан хэрэг өнгөрсөн даваа гарагийн 15.40 цагийн үед гарсан билээ.

Тухайн үед цахилгаан шатад 10 гаруй зорчигч явж байсан аж. Дотор нь явсан иргэдийн хэлж байгаагаар цахилгаан шат дээшээгээ явж байгаад гэнэт доошоо унасан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын үеэр тухайн байгууллагын цахилгаан шатад хэд, хэдэн удаа зөрчил илэрч байжээ.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын ахлах байцаагч Н.Буйдангаас тодрууллаа.

-Өмнө нь хийсэн хяналт, шалгалтын үеэр тухайн цахилгаан шатад хэд, хэдэн удаа зөрчил илэрч байсан гэсэн. Тухайн үед нь ямар арга хэмжээ авч байсан юм бэ?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шинээр угсрагдаж байгаа бүх цахилгаан шатад техникийн магадлал хийж байгаа. “Peace tower”-ийн хувьд бол 2012 оны арванхоёрдугаар сард Улсын комисс ажилласан. Тэр үед цахилгаан шатны угсралтын ажил бүрэн дуусаагүй байсан учраас манайх ажиллаагүй. Тухайн байгууллагаас өнгөрсөн оны зургаадугаар сард дахин шалгуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шалгалт хийхэд угсралтын ажлаас үүдэлтэй 26 зөрчил илэрсэн. Тухайн үед илэрсэн зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж байсан. Зөрчлийг арилгасны дараа ашиглах зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрлийг олгосны дараа иргэдээс мэргэжлийн хяналтын 1286 болон 11-11 төвийн утсаар “Peace tower”-ийн цахилгаан шат үе, үе гацаад байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад ашиглалттай холбоотой ганц, хоёр зөрчил илэрч байсан. Зөрчлийг цаг тухайд нь арилгах шаардлага хүргүүлж байсан.

-Цахилгаан шат унасны дараа очиж шалгалт хийсэн гэж байсан. Ямар зөрчил илэрсэн бэ?

-Цахилгаан шатны даац мэдрэгчний тохиргоо алдагдсан байсан. Тодруулбал  1000 килограммын даацтай буюу 10 хүн суух ёстой цахилгаан шатад 18 хүн суусны улмаас даацаа дийлэхгүй гурван давхраас В1 давхар хүртэл гурван метр газар гулссан байсан. Одоо тухайн байгууллагын техникийн мэргэжилтнүүд засаж байгаа. Маргааш лабораторийн нарийвчилсан шалгалт хийнэ. Үүний дараа дахин ашиглах эсэх шийдвэрийг гаргана. Үүнээс гадна “Sunday” компани нь цахилгаан шат нийлүүлсэн Hyundai компанитай засвар, үйлчилгээний гэрээ хийгээгүй байсан. Уг нь байгууллагууд тухайн цахилгаан шатыг үйлдвэрлэсэн компаниудтайгаа засвар, үйлчил­гээний гэрээ хийж сар бүр ямар нэгэн хяналт, шалгалт хийлгэж байх ёстой. Манай барилгын компаниуд засвар, үйлчилгээний гэрээг хийдэггүйн улмаас гэмтэл гарч байна. Бид шинээр ашиглалтад орсон барилгуудын 3000 цахилгаан шатад техникийн магадлал хийхэд 30 нь л ямар нэгэн зөрчилгүй байдаг. Зөрчилтэй ихэнх барилгын компаниуд тухайн цахилгаан шатны компанитайгаа ямар нэгэн засвар, үйлчилгээний гэрээ хийгээгүй байдагтай холбоотой.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ