УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нарын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаанд тавьсан асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж, хариугаа авсан талаараа мэдээлэл хийв. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Ш.Батхүүгийн зээлийн хүү 800-900 ам.доллараар өсч байгааг мэдээлсэн.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгсөн нь тодорхой, түүнийг нь төлөх нь ч тодорхой. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч байгаа. Жастын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг “Эрдэнэт” -ийн дансаар дамжуулсан.  “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй. Үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах учиртай. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эрсдэл хүлээхээр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ хэрэг таван жилийн өмнө үүссэн ч Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм биш үү гэсэн болгоомжлол бий” хэмээсэн.

Гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ил цагаандаа гарсан луйвар гэдэг нь тогтоогдлоо. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажиллах шаардлагатай байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгах хэрэггүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ” гэсэн юм.

niigmiintoli.mn