Д.Ганхуяг сайд аа, таны хариуцаж буй салбарт онц байдал зарлахгүй бол тун горьгүй нь ээ. Бодлого үйл хэрэг чинь буруу замаар будлиад байгаа юм биш үү.

Сайд болоод 100 хоногт ийм ажил хийлээ хэмээн хувь хүний амбицийг өндөр авахуулахын төлөө хэвлэл мэдээллээр залхтал нь бөмбөгдөхийн оронд хувьсгалын үйл хэргийн төлөө хараа ууж, ухаан хол байж сандал ширээнийхээ араас тамга дарж гарын үсэгний зай төдийхнийг бөглөж суухаар арай өөр байдлаар ажлаа хийвэл яасан юм.

Цаана чинь эх орны чинь газар шороо харийнхны эдлэн газар болоод дуусах нь. Худлаа гэвэл өнөөдрийн байдлаар Монголд хаалгаа нээсэн гадны хөрөнгө оруулалттай хэчнээн уул уурхай, ашигт малтмалын компани байна вэ. Та тоог нь мэдэх үү. Таныг мэдэхгүй гэж мөрийцье. Учир нь тоймгүй их, тоолж барамгүй олон компани манай улсын дөрвөн зүг, найман зовхист хяналтгүйгээр газар ухаж шороог нь угааж гадагшаа зөөж байна.

Энэ бүхнийг цэгцэлж, бурууг нь шүүж, булхайг нь илчлэх ажил хийж болох уу. Ингэж чадахгүй бол баруунаас зүүн хязгаар хүртэлх даварсан компаниудын нэрийг манай сонин олон нийтийн хамтаар түмэнд дэлгэж таны хийх ёстой бүхнийг зааж өгье.

Мэдээж чиг үүргээ мэддэг, зорилго тэмүүлэлтэй айл л өөдөлж дэвждэг. Тэгвэл таны толгойлж буй яамны чиг үүрэг хөдөөгийн олон салаа зам шиг бүх яам руу салаалаад ажил үүргийн чинь уг гарвалыг хөөхөд бэрх болжээ.

Миний аав, ээжийн үед таны одоогийн тэргүүлж буй Уул уурхайн яам “Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн яам" гэсэн нэршлээр үйл ажиллагаагаа явуулдаг байж. Тэгвэл өдгөө дан ганц уул уурхайгаар овоглосон энэ газрын хийх ёстой ажил юу болчихов оо. Танай яамны бүтэц, чиг үүрэг дэндүү ойлгомжгүй байна сайд аа. Таны тэргүүлж буй салбарыг бүхэлд нь хонь гэж харвал ҮХААЯ, АМГ, ЭХЯ, МХЕГ, БОНХ яамд хаа гуя, толгой сүүл, гэдэс дотроор нь хувааж авчихаад малдаа ус, өвс өгөхгүй олон талаас нь зулгааж бэлчээрт нь ч гаргахгүй тарчлааж байгаа дүр зураг харагдаад болдоггүй ээ.

Яагаад таны хийх ёстой ажил бусдын гарт орчихсон олон нийтийг будлиулаад байна вэ. Өөрөөр хэлбэл, газрыг ашиглах, хамгаалах, хянах, лиценз олгох ажлыг дээрх газрууд хуваагаад авчихсан учраас Монголын уул уурхайн салбар та нөхдийн дунд замхраад байгаа юм биш үү.

Морь унасан толгойгүй хүмүүс яамдаар нэг лаглайн сууж буй байдал танд анзаарагдахгүй байна гэж үү. Дэндүү нүсэр бүтэц байгаад сайдад салбар нь томдоод яамныхаа харъяанд байх хэсгүүдээ бутаргачихсан байж болох ч дээрх газруудын ажлын уялдаа холбоо гэж зүйл ерөөсөө алга. Энд тэнд төрийн сандалд тухалсан дарга даамлаасаа эхлээд захын хаалганы цаана дүмбийх мэргэжилтнүүд нь хийх ажилгүй дэмий л ажлын цаг тарах хугацааг хүлээн сууна. Танай салбарын асуудлаар овоглосон энэ бүх мэргэжилтнүүдээ аймаг бүхэн рүү илгээж харийнхны тоо толгойг гаргавал яасан юм бэ.

Д.Ганхуяг сайд аа, аймаг орон нутаг, хөдөө сумдад танай яамны бодлого, үйл ажиллагаа хүрэхгүй байгаагаар үл барам зах замбараагүй харийн компаниуд ашигт малтмалаар чинь гараа угааж дуусах нь ээ. Хяналт шалгалт, эзний халуун сэтгэл үгүйлэгдэж байгааг толгойд нь суугаа та анзаарахгүй байна уу.

Өмнийн говийн элс нүүж ус ширгэж, мал хүн амьдрах газаргүй болж байна. Энэ хэний балаг вэ. Ховдын хязгаарт малчин айл ааруул ээзгийгээ гэр дээрээ хатаах нөхцөлгүй болж Мон Эн Ко-гийн гар Хөшөөтийн ордыг самарч байхад та дуугүй л. Дорнод Матадын талаас Монголын төдийгүй дэлхийн брэнд цагаан зээр үргэж, газрын тос гадаад руу урсаж, монгол ажилчид эх орон гэхээсээ эхнэр хүүхдээ санаж хөдөө хээр ажиллах хоногийг минь багасгаад өгөөч гэсэн өрөвдөлтэй шаардлага Их хурлын даргаас гуйж элэг эмтэлж байхад та мөн л дуугүй суусаар. Сэлэнгэ мөрнийг дэрлэн “Болд төмөр Ерөө” гэх мөн л 100 хувийн урд хөршийн төсөвтэй компани хэний ч хараа хяналтгүй төмөр зам тавьж эх нутаг руугаа баялгийг минь зөөх шан татчихсан байхад та хэлээ хазаж нүдээ нууж чадаж байна гэж үү.

Д.Ганхуяг сайд аа, таныг “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүрдүүлэх нөөцийн хугацааг 40 хоног байсныг 60 хоног болгон өөрчиллөө”, “Газрын тосны үйлдвэр байгуулахтай холбогдсон асуудлаар Уул уурхайн яам Засгийн газрын хуралдаанд танилцууллаа”, “Шивээ-Овоогийн нүүрсний орд, Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ажлын бэлтгэл хангалаа” гэх мэт салбартаа хэт жулдсан хөгийн ажил хийж байх зуур хичнээн хүний амь нас харийнхны rap хөлийн үзүүрт үрэгдсэнийг та тоолж үзэв үү. Хэчнээн монгол хүн эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж буйг нүдээрээ очиж харав уу.

Таны тэгвэл өнөөдрөөс эхлээд хийх ажил энэ байна сайд аа. Цацсан шагай шиг яамдуудаар тарчихаад таны ажлыг хаа, гуяар нь салгаад авчихсан салбарынхаа ажилтнуудыг цуглуулаач ээ. Хоорондын уялдаа холбоог нь сайжруулаач. Хяналт, шалгалт хийж, буруу, зөвийг ил тод болгодог байцаагч нараа хөдөө рүү нь илгээж ажлыг нь хийлгээч ээ. Албан өрөөндөө ажлын цаг дуусахаа хүлээсээр дотроосоо өмхийрлөө хэдэн байцаагч нар чинь. Хариуцлагатай уул уурхай гэх хачин гоё сэдвээр хачир хийж зөндөө удлаа. Хаана байна, хариуцлагатай, ил тод уул уурхай. Таны хариуцах ёстой салбарын харийн компаниуд чинь бүгд “хаалтын гэрээ"-тэй байна сайд аа.

М.Мөнхтунгалаг