Гологдсон хүүхдийн шуудангийн хайрцаг
2018/04/04
Хүний амьдралд олон зүйл тохиодог ч энэ хорвоод хүн болж төрсөн нярай үрээ гудамжинд орхин явах нь хамгийн зүрх шимшрэм үйлдэл.
Энэ хорвоод ирсэн даруйдаа л эцэг, эхдээ хаягдсан олон мянган бяцхан үрс байдаг. Заримдаа амьдралын боломж, алдаа зэргээс болж залуу бүсгүйчүүд хүсээгүй хүүхдээсээ амар хялбар аргаар салахыг хүсэн орцонд, гудамжинд бүр хогийн саванд ч орхих нь байдаг.
Энэ нь дэлхийн дахинд тулгамдаад байгаа асуудлуудын нэг бөгөөд ялангуяа Азийн орнуудад энэхүү арга түгээмэл байдаг нь судлагаагаар тогтоогджээ.
Сөүлд жилдээ олон зуун хүүхэд ийм байдлаар "гээгддэг" байна. Харин БНСУ-ын Сөүл хотын Jusarang Христийн сүмийн пастор Ли Чон-рак нялх үрсийн амийг аврах нэгэн өвөрмөц арга бодон олжээ.
Гудамжинд байгаа хайрцгийг харсан хэн бүхэн ямар сонин шуудангийн хайрцаг вэ хэмээн бодох ч үнэн хэрэгтээ ээждээ гологдсон үрсийг хүлээн авах тусгай хайрцаг ажээ. Пастор эх нь хүүхдээ хаа хамаагүй орхиж амьдралыг нь алга эргүүлэхийн хооронд арчин хаяхын оронд энэхүү хайрцагт хийхийг хүсдэг бөгөөд “гээсэн” хүүхдийг Христийн сүмийнхэн өсгөн хүмүүжилдэг байна.
Энэ хайрцаг сүмийн хананд байдаг ба тодорхой хэмийн дулаан баригч , гэрэлтүүлэг мөн агааржуулагчтай ажээ. Сүмийнхэн гологдсон хүүхдүүдэд халамжит сайн шинэ эцэг эхийг нь олж өгч байнгын холбоотой байдаг байна. Ийнхүү сүмийн пасторийн бодож олсон арга олон олон нялх үрсийг амийг аврагч тэдэнд амьдрал бэлэглэгч "шидэт" хайрцаг болжээ.
Пастор ийм "шидэт " хайрцгаар дэлхий дахины нэгэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн оролцоо болон шийдэл санааг дэвшүүлжээ.