Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга захирамж гарган, ундны усны эх дээр их хэмжээний хог булсан талаар тус сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Соёлбаатар, П.Серкбол, иргэн Д.Батбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд Шаамар сум удахгүй дараагийн “Хонгор” болох вий гэж айж байгаа учраас ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа аж. Яг юу болоод байгаа талаар ИТХ-ын төлөөлөгч Ф.Срекболоос тодрууллаа.

 

-Танай суманд яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Манай сумын айл бүхэн хашаандаа өнгөний худагтай. 4-6 метрийн гүнтэй худгийг өнгөний, есөн метрээс дээшхийг гүнийх гэдэг юм. Гэтэл өнгөрсөн хавар манай аймгийн Засаг дарга сумын ундны усны эх дээр 40-50 жилийн хур хогийг есөн метрийн гүнд булчихсан. Энэ нь гэр ахуйн хог хаягдлаас эхлээд эм, эмнэлгийн хэрэгслүүд, янз бүрийн химийн хорны сав хүртэл байгаа гэсэн үг. Хог булсан газрын ойролцоох уснаас уусан таван үхэр үхсэн. Тиймээс манай сумын иргэд Засаг даргад гомдол гаргасан ч тоож хэлэлцэхгүй байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газар БОНХЯ-нд хүртэл хандсан. Хавраас хойш энэ хогийг буцаагаад гаргаад өгөөч гэж холбогдох байгууллагуудад хандсан ч хэн ч бидний хүсэлтийг хүлээж авахгүй, иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Бидэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаас өөр зам үлдсэнгүй. Зүгээр сууж байгаад усандаа хордож үхэлтэй биш.

 

-Өмнө нь танай сум хогоо хаана хаядаг байсан юм бэ?

 

-Сумын төвөөс жаахан зайдуу жалганд. Манай сумын Засаг дарга анх ажлаа авахдаа “сумаа хоггүй болгоно” хэмээж энэ нь ч иргэдэд таалагдаж байсан юм. Гэтэл тэр хогийг ачуулсан ч хайргыг нь ухаж зараад, бий болсон нүхэнд нь ачуулсан хогоо хийчихсэн. Манай аймаг ИТХ-ын тогтоолоор хайрга, дайрга олборлохыг хориглосон байдаг. Гэтэл энэ үйлдэл нь маш олон хуулийн заалтыг зөрчиж байна.

 

-Энэ уснаас уугаад хүн хордсон тохиолдол гарсан уу?

 

-Одоохондоо хүн хордоогүй байна. Одоо хөлдчихсөн байгаа учраас сөрөг нөлөө нь мэдэгдэхгүй байгаа байх. Хавар болохоос өмнө энэ хогийг гаргаад ундны усны эх үүсвэрийг минь цэвэрлээд өгөөч гэж Шаамар сумын иргэд хүсч байна. Энд бидний үр хүүхэд, хойч үеийнхэн амьдарна гэдгийг дарга нар ойлгох хэрэгтэй. Нэг удаа гарч ирсэн Засаг дарга, ИТХ-ын дарга нараас болж 4000 гаруй хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлд ороод байна. Хайрга олборлосон хоёр компанийн нэг нь ИТХ-ын даргын дүүгийнх юм. Тэгэхээр үүнд мэдээж ах дүү, танил талын ашиг сонирхол байгаа. Урд нь ямар ч компаниар хайрга олборлуулахгүй байсан юм. Усаа шинжилгээнд өгсөн ч цэвэр уснаас авч шинжилчихээд ямар ч хоргүй гэсэн хариу гаргаж өгсөн. Манай аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Мэргэжлийн хяналтны газар иргэдийнхээ хүсэлтийг хүлээж авахгүй байгаа нь цэвэр өөрсдийн эрх ашиг, нэр төр, халаас руугаа орох мөнгийг бодож байгаа хэрэг гэж манай сумынхан үзэж байгаа.

 

-Та бүхний хүсэлтийг хүлээж авахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

 

-Бид одоо Ерөнхий сайдад хандах гэж байна. Тэгээд үр дүнд хүрэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ. Ямар ч байсан тэр хогийг ухаж гаргаад, ундны усны эхээс зайлуулах хэрэгтэй.