АНУ-ын Индиана мужийн нэгэн хонины фермер дээр ганц хонь гаргаж, шинэ шөл оочих санаатай очвоо. Миний өмнө гурван араб фермер дээр ирчихсэн, өөрсдөө хонио гаргана гэлцээд сууна...

Нэг төлгийг гурвуулаа дарж байгаад нэг нь хоолойг нь огтлоод, цус нь годгодоод, өмнө нь ийм зүйл харж байгаагүй болохоор их эвгүй. Хонины хоолой майлахтай хамт хэрчигнэж дуугараад, амь тавиагүй байхад хүзүүг нь огтолсоор байгаад толгойг нь яг аман хүзүүгээр нь тайрчихдаг юм. Хонины хэл нэлээн удаан татагнав. Тэд аллахын зааж өгсөн их энэрэнгүй, ариун аллага гэж надад тайлбарлаж байна.
Дараа нь би хонио гаргах боллоо. Монголоороо өрлөөд, 15 секундын дотор хонь ямар ч зовлонгүй, тийчлэх ч үгүй нүд анив. Ер нь миний гар хөнгөн талдаа, зассан хурга хүндэрдэггүй, хонины амь амархан гардаг юм. Тэгсэн нөгөө гурван маань, "Чи цээж рүү нь гараа оруулаад зүрхийг нь базчихсан уу? Монголчууд та нар үнэхээр бүдүүлэг алах юм аа" гэж байна.
Дараа нь намайг хонио төхөөрч, гэдэс дотрыг нь гаргаж, цэвэрлэсэн чинь гайхаад, хамраа чимхичхээд цэвэрлэж дуустал хажууд харж зогсов. Цусыг нь нэг саванд юүлж аваад, ногоон сонгино, гурилтай хольж амтлан, ходоод, нарийн гэдэс, цачархайд нь амталсан цусаа цутгаж, гүзээ, сайн муу сархинагийг нь арилгасан чинь "Та нар үүгээр яах гэж байгаа юм" гэж байна. "Иддэг юм. Монголчууд бид малаа эрхэмлэдэг учир зовлонгүй алаад зогсохгүй бааснаас бусдыг нь иддэг юм. Энэ маш их шим тэжээлтэй хоол байдаг. Баасыг нь хүртэл малдаа тэжээл болгодог. Ер нь малын амьсгалаас бусдыг нь хэрэглэдэг" гэвээс гурван Араб залуугийн өндөр нь "Монголчууд та нар чинь жинхэнэ мангасууд байна даа" гэж билээ.

Б.Наминчимэд