​Өнгөрсөн долоо хоногт хутга заазуур гүрээ хоолойдоо тулгасан өсвөр насныхны зургууд фэйсбүүкээр их дамжив. Мэдээж хэрэг харсан хүн бүхэн зэмлэл хүлээлгэж байв.

Ямар хэрэг хийчихсэн биш, гадаадынхныг дууриаж элдвээр зургаа дараа биз л гэж өмөөрөх нэгэн байж ч мэднэ.

Гэхдээ нэг л бишээ. Олон нийтийн хамгийн хүчирхэг сүлжээ сайт болох фэйсбүүк өсвөр насныхны хүмүүжилд нөлөөлж, ухамсарт сэтгэлгээг нь эдгэрэшгүйгээр гэмтээж буйг ганц манайд ч биш дэлхий нийтээрээ ярьсаар л байгаа.

Дамаан туйлшрах дуртай монголчууд маань сүүлийн үед фэйсбүүк, твиттерт донтох шахаж байна. Залуус нь амьдралынхаа хором мөч бүрийг фэйсбүүктэй хуваалцаж, арай ахимагууд твиттерт өмдөө угааж, чихээ ухсанаа жиргэх болж дээ.

Үүнийг дагаад атгаг муу санаатнууд ч хорон үйлдлээ фэйсбүүкээр дамжуулан хэрэгжүүлж бусдыг хохироох нь их болж.

Од болгоно гэж охидыг хуурч мэхлэн гэрэл зургийг нь элдвээр авна, зарим залуусын хөнгөмсөг занд нь дөрөөлж чатны цаанаас болохгүй бүтэхгүй зургийг нь авна, эцэст нь фэйсбүүкт тавина гэж дарамталж мөнгө нэхэх хэрэг олширсон гэх. Монгол хүн байгал дэлхийтэйгээ илүү ойр, илүү шүтэлцээтэйг мартаж хэдэн лайкны төлөө хайран амьтдын амиар тоглох залуус ч фэйсбүүкээр элбэг.

Байдал ийм байхад дээр дурдсан хүйтэн мэс өөртөө тулгасан гэрэл зургаа авахуулж бусдад гайхуулах ч бараг энгийндээ орох гээд байх шиг.

Их Британид өсвөр насныхан үүнтэй төстэй зургууд фэйсбүүктээ тавьж эхэлснийг шүүмжилсэн ч хэн ч тоодоггүй байж. Гэтэл яг ийм зураг тавьсан 16 настай хүү аавыгаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарснаар олон нийтийг шуугиулж улмаар нийгмийн анхааралд өртсөн нь саяхан.

Харин манайд аав нь хүүгээ заазуурдана, хардалтын улмаас нэгнээ хутгалж хөнөөнө гээд хүйтэн мэсээр үйлдэгдсэн цочирдмоор гэмт хэргүүд дараалан гарсаар л. Ийм цагт таны, миний бидний дүү нар хутга заазууртай зургаар фэйсбүүктээ гоёж суугаа нь даанч сүжиггүй санагдана.

Арга ч үгүй дээ томчууд бидний ухамсар, сэтгэхүй ялзран доройтчихоод байхад дэргэдээ торниж байгаа өсвөр насны дүү нараа яаж ч зэмлэх юм билээ.

Хэнд ч юунд ч дийлдэхээсээ өнгөрсөн мэт санагдах олон нийтийн сүлжээ сайтууд хүн төрөлхтөнг юунд хүргэх болоо.

Н.Умард