Архи уусан нэгний балгаар мөрөөрөө явсан хүн ялтан болох нь харамсалтай!

"Сархад савнаасаа бусдыг дийлнэ" гэсэн эртний мэргэдийн сургааль үг уламжлал болон бидэнд үлдсэн билээ. Түүхэн ном зохиолд сархадад дурласан хүний оюун санаа самуурч, үнэн зөвийг ялгах чадваргүй болж, хажуудаа байгаа хүмүүст ямар их гай тарьдгийг харуулсан байдаг. Өнөөдрийн нийгэмд Монголын залуус архи, согтууруулах ундаанд их дурлах болсон. Аливаа баяр ёслол, зугаалга, амралтанд савнаасаа бусдыг дийлдэг сархад байж л байдаг. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс өөртөө болон өрөөл бусдад ямар их гай дагуулдаг, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдалдаа хэр их хохирол учруулдаг вэ гэдгийг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс харж болно. Гэхдээ архи уусан хүнээс болж мөрөөрөө амьдарч байсан энгийн нэгэн хүн ялтан болно гэдэг бүр харамсалтай!



Энд би уншигчдад сургамжтай болов уу гэсний үүднээс 2012 онд гарсан нэгэн харамсалтай хэргийн талаар өгүүлэх гэж байна. Мөн л архи хэтрүүлэн хэрэглэсэн хүний балгаар мөрөөрөө явсан нэг бүсгүй ял хүлээж, хоёр хүн хорвоог орхиж, хэд хэдэн хүн гэмтэл авч, сэтгэл санаагаар хохирсон байгаа юм. Тухайн хүмүүсийн эрхийг хүндэтгэх үүднээс нэрийг өөрчилсөн болно.

 



Гуйж машин бариулчихаад эцэст нь гэмт хэрэгтэн болгожээ


Ээж, дүү, охины хамт амьдардаг Н.Өлзий гэх бүсгүйн хувьд 2012 оны 8 дугаар сарын 26-н "хар өдөр" байжээ. Хоёр хүний амь нас авч одсон ослын өмнөх өдөр буюу 2012 оны 8 дугаар сарын 25-нд Н.Өлзийгийн захирлынх нь төрсөн өдөр тохиов. Захирал Д.Дорж гэр бүлийнхнээ аваад ажлынхантайгаар амрахаар Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотыг зорьсон байна. Тэд зорьсон газраа очиж амарч тухалж, архидаж, баяр тэмдэглэж байгаад 8 дугаар сарын 26-ны өдрийн 15-16 цагийн үед Улаанбаатар руу явахаар болжээ. Энэ үед зугаалгаар очсон хүмүүс бүгд л сархад хүртэж, хөлчүүрхсэн байв. Харин тэдэнд дунд Н.Өлзий л архи уугаагүй байж. Ингээд захирал Д.Дорж түүнийг машин барьж явахыг гуйсан байна. Эхэндээ зөвшөөрөөгүй ч сүүлдээ гуйгаад салахгүй болохоор нь аргагүйн эрхэнд зөвшөөрч Зүүнхараагаас Улаанбаатар руу хөдөлжээ.



Ингээд жолоочийн суудалд Н.Өлзий, хажууд нь захирал Д.Дорж, урд хоёр суудлын дундах хайрцаг дээр захирлын эхнэр Х.Зулаа нь арагшаа хараад, Л.Ану, Д.Сувд, Д.Чимгээ нар арын суудалд сууж явсан байна. Захирал Доржийн охин Д.Гэрлээ Л.Анугийн өвөр дээр сууж явжээ. Захирал нь нэлээн халамцуу байсан тул суудал дээрээ унтаад өгсөн байна. Тэд 18 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын нутагт явж байтал захирал Н.Дорж нь жолоо барьж яваа Н.Өлзийг налж унаад, сэрэнгүүтээ машины жолооноос зүүн гар тийш нь дараад өндийж, энэ үед машин тэнцвэрээ алдан нэг мэдэхэд л бүтэн эргээд дөрвөн дугуй дээрээ боссон аж. Захирал жолоочийн үйлдэлд саад хийж, хажуунаас нь нөлөөлсөн учир хоромхон зуурт автомашин осолдож, Д.Дорж, Л.Ану нар газар дээрээ нас барж, Н.Өлзий, Д.Чимгээ нар хүнд, Х.Зулаа, Д.Гэрлээ, Д.Сувд нар хөнгөн гэмтэл авсан байна. Н.Өлзийг ухаан алдаад сэргэхэд Х.Зулаа аль хэдийн охин Д.Гэрлээгээ аваад Дархан руу тусламж эрэн явсан байжээ.  20 цагийн үед цагдаа болон түргэнийхэн ослын газарт очиж, гэмтэж бэртсэн хүмүүсийг хот руу авч явсан байна.


Ингээд л Н.Өлзий гэх 37 настай  бүсгүй хоёр хүний аминд хүрч, бусдад хүнд гэмтэл учруулсан гэм буруутан болж, “ялтан” нэрийг зүүх болов. Н.Өлзий Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан явна", Мөн дүрмийн 9.2-д  заасан "жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийг онхолдуулж, зорчиж явсан хоёр хүний амь насыг хохирооож, нэг хүний биед хүнд, гурван хүний биед хөнгөн гэмтэл, Д.Доржийн автомашинд 6.540.000 төгрөгийн хохирол тус тусгөн  учруулсан гэмт хэрэгт холбогдов.



2013 оны 5 дугаар сарын 9-ны өдөр түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Төв аймгийн сум дундын шүүхэд болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс хоёр хүний амь нас хохироосон, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, жолоо барих эрхийг дөрвөн жилээр хасч, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн жолооны эрхийг хасах дөрвөн жилийг тоолж эхлэхээр тогтоолд дурьдсан байна. Түүнчлэн Өлзийгөөс нийт 16 сая гаруй төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.



Н.Өлзийгийн өмгөөлөгчийн гомдлын дагуу 2013 оны 6 дугаар сарын 11-ны өдөр аймгийн давж заалдах шатны шүүх хурал болж, хэргийг хэлэлцээд бүсгүйд оногдуулсан 5 жил 10 хоногийн ялыг бууруулж 3 жил 5 сар хорих болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.



Ингээд Н.Өлзийгийн өмгөөлөгч Монгол Улсын Дээд шүүхэд 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргажээ. Өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг  Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаснаар хөөрхий бүсгүйн амьдрал аврагдав.

 



Дээд шүүх яагаад Н.Өлзийгийн хэргийг цагаатгах тогтоол гаргасан бэ?


Иргэний хувьд би Н.Өлзийгийн хэргийг Дээд шүүх цагаатгасныг зөв гэж үзэж, тэгээд ч сэтгүүлчийнхээ хувиар энэ шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэж бодсоноос үүнийг бичиж байна. Магадгүй хүний амь насанд хүрсэн хүнийг өмгөөлж, хамгааллаа гэж эгдүүцэх хүн гарч мэдэх юм. Гэхдээ бид үр дагавар нь хаанаас эхлэлтэй вэ гэдгийг бодож, бас сэрэмжилж байх хэрэгтэй.



Н.Өлзийгийн өмгөөлөгчийн зүгээс Дээд шүүхэд гомдол гаргахдаа "Амь хохирогч Д.Дорж машин дотор унтаж яваад жолооч руу налж, улмаар босох гэж зүтгэхдээ жолооны хүрднээс татаж, машины тэнцвэрийг алдагдуулж, онхолдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагддаг” тухай дурдаад цагаатгаж өгөхийг хүсчээ. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр энэ хэргийг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцсэн байна.



Дээд шүүх жолооч буюу Н.Өлзийгийн болгоомжгүй үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж үзжээ. Мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч нар тухайн тээврийн хэрэгслийг Н.Өлзий жолоодож явсныг гэрчилсэн боловч жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсныг нотлоогүйгээс гадна Н.Өлзийгийн "... Дорж согтуу унтаж яваад над руу налж унаад, сэрэнгүүтээ машины жолооноос зүүн гар тийш нь дараад өндийсөн. Нэг мэдэхэд машин бүтэн эргээд 4 дугуй дээрээ боссон" гэх мэдүүлгийг үгүйсгэж няцаагаагүй байна. Мөн "... жолоочийн хажууд унтаж явсан согтуу хүн гэнэт сэрж, жолооны хүрднээс татсан нь үнэн бол уг машины тэнцвэр алдагдаж онхолдох магадлалтай, тухайн үед жолооч зогсоох арга хэмжээ авсан ба замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэвэл Н.Өлзий уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу хэрэгсэхгүй болгож, Н.Өлзийг цагаатгах нь зүйтэй гэж Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.



Дээд шүүхийн мэргэн шүүгч нарын үнэн мөнийг тогтоосон энэхүү тогтоолын ачаар Н.Өлзий ялтан нэрээс аврагдаж, ачит буурал аав ээж, алаг бяцхан охиндоо очсон юм.



Д.Дорж захирал архи хэтрүүлэн хэрэглээгүй, жолооны хүрднээс зуураагүй бол Н.Өлзий гэх бүсгүй эрхээ хязгаарлуулан, аав ээж, үр хүүхдийнхээ сэтгэлийг шаналган хоёр жилийн турш цагдаа, прокуророор явж, алуурчин хэмээн чичлүүлж, шүүхээс ял сонсож, нас өндөр аав ээжийнхээ элгийг эмтэлж, охин үрийнхээ зүрхийг шимшрүүлэхгүй байсан нь тодорхой. Бас Д.Дорж захирал ч бяцхан охиноо орхин, нөгөө ертөнцөд одохгүй байсан биз ээ.


Дээд шүүх сэжигтэн, хохирогч аль алиных нь эрхийг хамгаалдаг


2013 онд Монгол Улсын Дээд шүүх эрүүгийн 535 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс гарын арван хуруунд багтахаар хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байдаг. Тэр арав хүрэхгүйн нэг нь уншигч танд хүрч буй Н.Өлзийгийн гэх энэ хэрэг. Оны өмнөхөндөө МИАТ-ийн гэх хэргийг шийдвэрлэсний дараа Дээд шүүхийг мөрдөн байцаагч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн нөр их хөдөлмөрийг үгүй хийж, мөнгө угаасан хүмүүсийн ялыг хөнгөрүүллээ гэж Хууль зүйн сайдаасаа авахуулаад баахан шүүмжилсэн.

 


Үнэндээ мөрдөн байцаагч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөв хэрэглэж үү, хүний эрх ашгийг хөсөрдүүлж үү гэдгийг Дээд шүүх хянах үүрэгтэй, бас эрхтэй. Дэлхийн бусад оронд ч өмнөх шатны шүүхийн гаргасан алдааг Дээд шүүх л засдаг жамтай. Хохирогч ч сэжигтэн ч адилхан л хүн учраас хуулийн дагуу хэнийх нь ч эрх ашгийг хамгаалдаг байгууллага бол шүүх. Тэр дундаа Дээд шүүх бол сэжигтэн ч хохирогч ч өөрийн үнэн мөнөө шийдүүлэхээр хандах эцсийн шат, сүүлийн зогсоол. МИАТ-ийн гэх хэргийн тухайд гэмт хэрэгтнүүдийн мөнгө угаасан гэх үйлдэл гарах үед зөвхөн “зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан” үйлдлийг мөнгө угаахад тооцдог хуулийн заалттай байж. Тэгэхээр хуульд байхгүй заалтаар ял оноох эрх Дээд шүүхэд байхгүй нь тодорхой.



Ямартай ч хуулийн зүйл заалтыг нарийн сайн мэдэхгүйгээс ард иргэд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, шүүгч нарыг буруутгах хандлага гарах болсон. Гэхдээ энэ нь тухайн гэмт хэргийг анх сэжиг таамаг төдий байхад нь нийгэмд хэт их дөвийлгөж, сенсаацалж хүргэснээс болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.



Эцэст нь хэлэхэд монголчууд бидний баяр ёслолын чимэг сархдаас маш олон хагацал зовлон үүдэлтэй байдаг нь харамсалтай. Дээд шүүхийн цагаатгасан бусад хэргийн талаар бид цаашид өгүүлэх болно.



 

Н.Цэндбат