С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг дахин нэг сар саатуулна
2018/05/10
Монгол улсын 25 болон 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас яллагдагчаар татсан тул прокурорын байгууллагаас нэг сар баривчлах санал шүүхэд ирүүлээд байсан. Шүүх прокурорын гаргасан саналыг хангаж экс ерөнхий сайд нарыг нэг сар саатуулсан.
Экс сайд нарын цагдан хорионы нэг сар өнөөдрөөр дуусгавар болсон бөгөөд тэднийг дахин нэг сар баривчлах саналыг прокурорын байгууллагаас өгсөн байдаг. Өнөөдөр өглөө хуралдсан цагдан хорионы хурлаар С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан.
Шүүхийн энэ шийдвэрт прокурор “гомдож” Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан байна. Тодруулбал анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хүрээнд прокурор нь гомдол гаргасан байна. Уг гомдлыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15:00 цагт хянан хэлэлцэв.
С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг 1 сараар сунгасан болно. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй болно.