Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг намнах ажиллагаа эрчимжлээ. “Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн, Хонхэрэйд Б.Энхбат Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдэв. Тэрбээр сайдын одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлига өгч ашиглуулж байж болох талаар болон Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлаар шалгуулахаар болсон аж.

Улмаар өчигдөр хотын гудамжаар Ц.Нямдоржид хариуцлага тооцох тухай уриалга бүхий зурагт хуудсыг том оврын автобусан дээр байрлуулж, ард иргэд ядуу амьдарч байгаа нь авлигачдаас үүдэлтэй бөгөөд энэ бүхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж буруутай талаар цагаан хоолойгоор олонд сонордуулсан. Ямартаа л хотын гудамжинд явсан иргэд “Юу вэ сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юм уу” хэмээн гайхаж, өөр зуураа асууцгаав.

Харин Төрийн ордонд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн шаардлагын хариу дуусч байгааг мэдэгдсэн юм. Тэрбээр “Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй бөгөөд Засгийн газрын зүгээс хоёр сайддаа хариуцлага тооцохгүй, хууль зөрчөөгүй гэсэн хандлага гаргаж байгаа нь ажиглагдаж байгаа. Энэ нь өрөө Үндсэн хууль зөрчих хэмжээний үйлдэл гэдгийг Засгийн газарт дахин сануулж байна. Хоёр сайдаа хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бол Засгийн газар бүхэлдээ хууль зөрчих үйлдэл рүү орж байгаа гэдгийг бүлгийн зүгээс дахин сануулж байгаа” гэсэн юм.

Мөн тус намын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан сэтгүүлчид, иргэнийг тагнасан асуудлаар хуралдахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хороог дахин хуралдуулах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд ч хандана гэдгээ мэдэгсэн юм. Гол нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хариуцлага тооцохгүй өнгөрвөл Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөн барихаа анхааруулсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид доторх цөөнхтэй нийлж, хажуугаас нь хавсайдахаа үг бүртээ тодотгож байсан юм.

МАН доторх цөөнх ч үүнийг хүсч байгаа. Гэхдээ юуны түрүүнд хатуу самрыг оролдоод эхэлсэн нь анхаарал татна. Ц.Нямдоржийг албан тушаалаас нь буулгаж мэдэх хамгийн том асуудал нь тагнаж, чагнасан тухай. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохынхоо өмнө Ж.Эрдэнэбат өөрийг нь тагнаж чагнасан талаар нийтэд мэдээлж, хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байсантай ижил үйл явц өрнөж байгааг ч ажиглагчид тодотгодог. Энэ үүднээс нь авч үзвэл Ц.Нямдоржийг албан тушаалаас нь буулгах ажиллагааг гаднаас бус кабинет дотроосоо хийж байж ч мэдэх талтай. Түүнчлэн хатуу самрыг улсын нууц задруулсан хэргээр Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо шүүхийн тогтоол уншиж, гүйцэтгэх ажилтны нэрийг мэдээлсэн нь хуулийн байгууллагад шалгагдах үндэс болсон хэмээдэг. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын дарга асан хошууч генерал Ж.Баатарын Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” гэсэн тогтоолыг ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уншиж өгсөн юм. Мөн түүний хуурай дүүг нь хуулийн байгууллага саатуулчихаад байгаа. Түүнчлэн төрсөн хүү нь “Эрдэнэт”-д шахаа хийсэн асуудал ч бий.

Нийгмийн шуудан сонин