​-Юм хийе гэсэнд нь олддоггүй зээл дарга томчуудын гарын салаагаар урсч байна уу?

Сүржин нэртэй, даржин бодлоготой С.Батболдын Засгийн газар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих” нэрийн дор татвар төлөгчдийн мөнгөнөөс багагүйг зээл нэрээр гаргасан. Уг асуудал ноолуурын үйлдвэртэй зарим УИХ-ын гишүүдээс эхтэй.  Тэд “Стратегийн түүхий эдийн нөөцөд хамаарах ноолуурыг боловсруу­лах, түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргах,  ажлын байрыг нэмэгдүүлж, ЖДҮ-ийг хөгжүүлэх, гадаадад өрсөлдөх зах зээлтэй болгох хэрэгтэй байна. Ноолуурын салбарт 110 тэрбум төгрөгийн төрийн дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн саналыг 2011 оны хавар гаргасан.

Тухайн үед “Манай нийт ноо­луурын 70 орчим хувь Хятадын мэдэлд байна. Түүхий эдийн нөөц худалдан авах эргэлтийн хөрөнгө дутагдалтайгаас ноолуурын зөв­хөн 20 хувьд л гүн боловсруулалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гээд анх удаа ноос ноолуурын 12 үйлдвэр нэгдэж, “Монгол ноолуур нэгдэл” ХХК байгуулсан. Улмаар тус нэгдлийнхэн 110 тэр­бумыг Засгийн газраас гаргуулах ажлыг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяраар лоббидуулсан гэх. Энэ зээлийг олгосноор ноолуурын салбарт 1600 ажлын байр бий болно, 250 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийхээ 80 хувийг экспортод гаргах боломжтой хэмээн танилцуулж, тархи угаажээ.

Батж.Батбаяр ийн идэвхи гарган зүтгэх болсон нь ч гэсэн учир шалтгаантай. Тэрбээр өөрийн “Кашмир консепт” ХХК-д уг зээлээс авах хувийн сонирхолтой байсан аж.

УИХ-ын хэлэлцүүлэг дээр “Зөвхөн ноолуурын салбарт Засгийн Газрын бонд босгон дэмжлэг үзүүлбэл бусад салбар ч мөнгө нэхнэ. Бид тэгвэл бонд гаргаж өгөх үү. Парламент бизнесийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл биш биз дээ” гэх гишүүд ч байлаа. Мөн “Авсан зээлээрээ хэдэн сая бүтээгдэхүүн үйлдвэрлээд, Хятадтай өрсөлдөн  бүтээгдэхүүнээ борлууллаа гэхэд мөнгө нь хэзээ ирэх вэ.

Бага хүүтэй урт хугацааны зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхийг хэн, хэрхэн хянах вэ” гэж зарим гишүүд асууж нилээд маргаан үүсч байлаа.

Засгийн газарт зөвхөн ноо­луурын салбар гэж орж ирсэн асуудал ноос болон ЖДҮ-ийг хамтад нь дэмжих хэмээн хүрээгээ тэлсэн.

Улмаар УИХ-ын 2011 оны 2012 оны арванхоёрдугаар сарын 15-нд үнэт цаас борлуулж босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтийг гаргаж, үүсч болох эрсдэлийг тооцох, хяналт тавих Бодлогын зөвлөлийг байгуулж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг даргалан үйл ажиллагааг нь эхлүүлэв.

Гэнэт ороод ирсэн бондын мөнгөөр ноолуурын зах зээл­ийг дэмжих хөрөнгийн сан­хүүжилтүүдийг хийлээ. Үүнд: “Сор кашмир” ХХК 3000.0, “Осин” ХХК 4000.0, “Санширо” ХХК 3500.0, “Ээрмэл” ХК 5600.0, “Эрдэнэт хивс” ХК 3000.0, “Кашмир консепт” ХХК 5 тэрбум, “Блю скай кашмир” ХХК 8000.0, “Уужин” ХХК 200.0, “Говь-эрдэнэ” ХХК 135.0, “Нинжбадрах” ХХК 120.0, “Бест кашмир” ХХК 4000.0, “Ханбогд кашмир” ХХК 4000.0,  “Үлэмж кашмир” ХХК  2500.0, “Сноу фиддс” ХХК 500.0, “Говь голд” ХХК 100.0, “Саран эх”  ХХК 100.0, “Нанс кашмир” ХХК 318.0, “Хатан сүлжээ” ХХК 330.0, “Цаст согоот” ХХК 50.0, “Пи-Ми-Ва”й ХХК 600.0, “Бинэ кашмир” ХХК 300.0, “ТГ-ТГ” ХХК 60.0, “Хос эрчим” ХХК 50.0, “Гоёл кашмир” ХХК 400.0, “Баялаг-өлзий” ХХК 400.0, “Мөнгөн пирамид” ХХК 135.0, “Монгол микрон” ХХК 1000.0, “Аяс кашмир” 135.0, “Эм Эм Жи” капитал ХХК 6720.0, “Мөнхбумууд” ХХК 200.0, “Натураль Альфа” 220.0, “Зоби” ХХК - 80.0, “Анжел Мүүн” ХХК  300.0, “Нүүдэлчин эзэнт гүрэн” ХХК - 600.0,  Чингэс кашмир ХХК  2500.0 сая төгрөгийг тус тус авсан. Ерөнхийдөө “Монгол ноолуур нэгдэл” ХХК-ийн үйлдвэржилтийг хоршуулан, төрөлжилтийг гүнзгийрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, сал­барын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго биелж, нийт зээлийн 70 орчим хувийг гишүүн байгууллагууд нь авчээ. Зээлийн зарцуулалт сайн, үр дүнтэй байгаа талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Гэтэл үнэн хэрэгтээ уг нэгдлийн зарим гишүүн компани зээлийн мөнгөөр Голомт банкны өрөө дарж, үйлдвэрээ хаасан бололтой. Учир нь зориод очсон хүнийг цоожтой хаалга л угтах боллоо. Нэгэнт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнгүй, ажиллах ажилчингүй зээлдэгчдийн барьцааны хөрөнгө, зээлийн босгыг суд­лан үзэхэд нилээд “но” гарах бололтой. Энд нэг л зүйл гайхаш төрүүлж байна. Өнөөдөр Монголд жинхэнээсээ бизнес эрхэлж, өөрийгөө төдийгүй өрөөлийг ч ажлын байраар хангаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа энгийн иргэд зээл санхүүжилт авах болохоор мянга босго, түмэн тээгтэй нүүр тулаад, эцэст нь цөхрөөд больдог. Гэтэл сайд дарга нарын компаниуд юу ч хийдэггүй атлаа татвар төлөгчдийн мөнгөнөөс дураар авч суудаг. Энэ шударга ёс мөн үү. Зүгээр аваад ч зогсохгүй өнөөх мөнгөө эргэн төлөх баталгаагүй, санаагүй болчихоод сууж байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрөх юм. Нөгөө айхтар Засгийн газрын комисс нь хяналт шалгалтаа хэрхэн хийсэн байж таарах вэ. Энгийн иргэн зээл авах гэхээр хэдэн өмдтэй, шүдний сойзтойг нь хүртэл бүртгэх шахдаг арилжааны банкууд /Голомт банк/ ч гэсэн яаж байгаад харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг зээл нэрээр юу ч хийхээргүй газруудад олгочихдог байна аа. Энэ бүхнээс үзэхэд магадгүй энэ зээлийг улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн өөр зориулалтаар авсан юм биш байгаа. Иргэд бидэнд хардах эрх нь бий. Учир нь бид өдөр тутам авч буй талхнаасаа ч төрдөө татвараа төлж, шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс өөр горьдох харах зүйлгүй амьдралаа залгуулж яваа. Харин дарга нар, УИХ-ын гишүүд гээд томчуудын хувьд бол өөр.

Наад зах нь л гэхэд жилийн турш сул зогсолтгүй ажиллуу­лах хөрөнгийн эх үүсвэр шаард­лагатай байна хэмээн УИХ-ын тан­химд дуугарч суусан Батж.Батбаярын “Кашмир кон­септ” ноо­луу­рын үйлдвэрт нэмэгдсэн тоног төхөөрөмж, ажилчин, түүхий эдийн аль аль нь алга, тоос шороондоо дарагдсан, цоожтой хаалга л байна.

Эрх мэдэл, мэдээлэлд ойр байх нь УИХ-ын гишүүнийг ард түмний хүсээд байдагчлан тангарагтаа үнэнч байх бус, харин ч эсрэгээрээ шударга бус, хударгагүй  хулгайч шиг ажиллах боломжоор хангадаг болсныг дээрх жишээ харуулж байна. УИХ-ын танхимд өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар эрхэм экс гишүүний хэлж байсан үгийн бичлэг, хийж байгаа ажил хоёрын зөрүү үүнийг нотолно.

“Монгол ноолуур нэг­дэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Түмэнбаяр үүргээ гүйцэт­гэчихээд, одоо Уул уурхайн сайдын зөвлөх болж, нөгөө компаниа орхисон. Харин ком­пани нь ногдол ашгаа хэрхэн тооцож, хяналтаа хэрхэн тавьж байгаа талаар тодруулахад сураггүй байх юм. Тэгэхээр тус компа­ни хөнгөлттэй зээлийг үг­сэн хуйвалдаж хүртэхийн тулд бай­гуулагдан ноолуурын зах зээлийг өмчлөн өөрсдийн дураар тоглоомын дүрмээ зохиосон болж таарч байгаа биш үү. “Хонь 1000 хүрэхээр алж идэх нь олдохгүй, адуу 100 хүрэхэд унах нь олдохгүй” гэдэг шиг шуналдаа хөтлөгдөн хийх тэдний үйлдэлд хариуцлага тооцох боломж байна уу, Ерөнхий сайд аа.

ИРГЭН Д.НОРЖИН