Бидний эрхэм хүндэт хүн, дотны нөхөр, хайрт аав, халамжит хань Лхамаагийн Гончиг 2014 оны 01 дүгээр сарын 15 нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Лхамаагийн Гончиг нь 1952 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, 1960-1970 онуудад бага дунд сургуулийг, 1970-1972 онд Анагаах Ухааны дунд сургуулийг сувилахуй ухааны багш мэргэжлээр, 1988-1992 онд Улаанбаатар хотод Намын дээд сургуулийг улс төр судлаач, эрх зүйч мэргэжлээр бакалавр, удирдлагын ухааны магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн байна.

1972-1988 онд Говь-Алтай аймгийн Анагаах Ухааны коллежид багш, хичээлийн эрхлэгч, 1992-1996 онд Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Ерөнхий хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 1996-2000 онд Орхон аймгийн МАХН-ын Хорооны дарга, 2000-2002 онд Орхон аймгийн Хүүхэд залуучуудын байгууллагын дарга, 2002-2004 онд МУИС-ийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал, 2005 оноос хойш “М-Си-Эс Армор” ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байв.

Түүний ажил хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, төрийн хүндэт шагнал Алтан гадас одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, Эрдэнэт хотын хүндэт иргэн цол тэмдгээр тус тус шагнаж байсан.

Тэрээр үнэнч шударга, эелдэг, төлөв түвшин, ажилч хичээнгүй, хамт олон найз нөхөддөө элгэмсэг дотно, үлгэр дууриалал болсон хүндтэй хүн, гэр бүл үр хүүхэддээ халамжтай сайн хань, уул шиг түшигтэй аав нь болж явсан эгэл хэрнээ эрхэмсэг, хүний дээд нь байлаа.

Бид бүгд таниараа бахархаж, таны ариун буянт зам мөрийг залгаж үргэлжлүүлж явах болно. Таны захиж хэлсэн үг, ачит сургаалийг үргэлж бодож, таныхаа хэмжээлшгүй их ачийг үргэлж санаж явнаа бид. Эрхэм таны маань гэрэлт зам мөр, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд ямагт дурсагдаж байх болно.

УМ САЙН АМГАЛАН ОРШИГ.