УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар, тэдний туслахууд их хэмжээний мөнгө тараан, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэсэн дүгнэлтийг шүүх гаргаад буй ч тэд бүрэн эрхээ урьдын адил хэрэгжүүлж буй.

Харин АН-ын нэр бүхий гишүүд тэдний мандатыг нэн даруй  хүчингүй болгохыг  шаардаж буй билээ. Тэгвэл  мөн л УИХ дахь МАН-ын хоёр ч гишүүнийг АТГ шалгаж эхэлсэн байна.

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхирвааг  өөрийн нэр дэвшсэн тойрог буюу Дархан –Уул аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан нэг сая төгрөгийн үлдэгдлийг дур мэдэн олгосон буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн гомдлоор УИХ-ын гишүүн О.Содбилэгийг шалгаж  байна.

О.Содбилэг Сонгуулийн тухай хуулийн 25.15, 25.18.10 дахь заалтуудыг зөрчсөн буюу тодруулбал сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад Эрдэнэтийн иргэдэд бэлэг, нэгж тараасан,  үүрэн телефон ашиглаж сурталчилгаа хийсэн, Эрдэнэтийн бизнесийн дэмжих хөтөлбөр нэртэй үнэгүй сургалт зохион байгуулсан зэрэг үйлдлүүдээрээ шалгагдаж байгаа.

Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар шаардлагатай гэж үзвэл  УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхирваа нарын бүрэн эрхийг түтгэлзүүлж болзошгүй гэнэ.

Л.Ганзориг