Сүүлийн жилүүдэд нийгэмд онц чухал хамааралтай шийдвэр гаргахад төрийн дээд гэлтгүй албан байгууллагууд хүртэл чоно борооноор гэгчээр чимээгүйхэн хийдэг болсны нэг жишээ нь шатахууны үнийн өсөлт билээ.

Өглөө босоод ирэхэд л 50-100 төгрөгөөр нэмсээр өдийг хүрсэн. Манай улсын хувьд шатахууны хэрэглээ нь гадаадын орнуудын хамааралтай учир үүнд нэлээд ач холбогдол өгч, зарим нэг нь овжиноор ашиглан бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг уламжлал тогтсон. 

Нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүний үнэ өссөн гэх нэрийдлээр Засгийн газарт шахалт үзүүлж наадмын өмнө үнэ нэмэх нь гэсэн яриа иргэдийн дунд гарч байсан ч энэ нь өнгөрсөн долоо хоногт бодитоор хэрэгжиж шатахуун импортлогчдод үнээ литр тутамд 90-120 төгрөгөөр нэмсэн билээ.

Үнэ нэмсэн өдөр л иргэд хальт үнийн өсөлтийн талаар шуугиад л өнгөрсөн. Харин холбогдох яам, агентлагууд өдийг хүртэл тодорхой тайлбар хийлгүй баяр наадамтай золгох гэж байна. Удирдах ажилтнуудын хувьд хэлдэг үг нь л "БИД ҮҮНИЙГ ШАЛГАЖ БАЙГАА" гэх хариулт. Энэ үгийг интернэт болон харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг газрууд шугам тасалдсан үед ихээр хэрэглэдэг байсан бол одоо яам агентлагуудын удирдах албан тушаалтнууд, сайд нарын амнаас л их сонсдог болох нь. 

Нийслэл хотод шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн өдрүүдээс эхлээд орон нутагт шатахууны хомсдол үүсээд эхэлжээ. Тухайлбал, Завхан аймгийн хэд хэдэн суманд АИ-92, АИ-80 шатахуун тасраад удаж байгаа аж. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Шатахуунгүй болсон сумдууд аймгийн төвөөсөө бензинээ зөөврөөр зөөдөг болжээ.

Хүссэн үедээ буюу дураа хүрэхээрээ л үнээ нэмчихдэг шатахуун импортлогчдод ямар ч хариуцлага тооцохгүй байгаад ард түмэн бухимдаж байна. Даварсан ШТС-иудад ямар ч хяналт байхгүй, хариуцлага үгүй, шалгаж байна гэх нэрийдлээр шаардлага тавиад хэдэн төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрдөг. Гэвч энэ байдал нь даамжирч өнөөдөр АИ-92 бензиний үнэ 2050 төгрөгт хүрсэнд ард түмэн цөхөрч, албан тушаалтнууд нь гайхахгүй байгаад олон нийт дургүйцэж байгаа аж.

Шатахуун импортлогчид башир аргаа хэрэглэн баяр наадмын өмнө үнээ нэмчихлээ. Харин одоо тэд баярын уур амьсгалдаа ороод нэмэгдсэн үнийн шуугиан намжина гээд л сууж байгаа байх даа. 

С.Отгон