Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэх нэртэй хууль  батлагдлаа.
Хуулийн нэрийг сонсоод зарим иргэн “нөгөө Монголын талын эзэмших хувь 34” гэдгийгээ 51 хувь болгож, “орд эзэмших” гэдэг заалтаа “лиценз эзэмших” гэж үндэсний эрх ашигт нийцүүлэн одоо л нэг засаж дээ гэж бүү горьдоорой.


Өнөөгийн УИХ, Засгийн газарт үндэсний эрх ашиг огт падгүй. Шуудхан хэлэхэд энэхүү нэмэлт өөрчлөлт гээд байгаа нь “Алтны татварыг багасгах тухай хууль” юм. Өөрөөр хэлбэл гадныханд алтаа зүгээр өгөх тухай  хууль гэж ойлгож болно.  


Тэгээд үүнийгээ “Монгол улсын алтны нөөцийг нэмэгдүүлэхэд энэ хууль шаардлагатай байна” гэх мэтээр сурталчилж өөрсдийнхөө тэнэгээ баахан гайхуулцгаалаа.
Хэрэв үнэхээр алтны нөөцийг нэмэгдүүлэх гэсэн юм бол дэлхийн зах зээл дээрээс худалдаад л авчих байлаа. Алтаа ухах ч шаардлагагүй.  


Монголын алтыг олзворлогчид ч зах зээлийнх нь үнээр л худалдана. Тиймээс энд “алтаа монголдоо тушаавал” татвар нь 2.5 хувь байна гэдэг нь “тэнэг хүн хуурах” л санаа зорилгыг агуулж байгаагаас биш Монгол улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх гэдэгтэй ямар ч холбоогүй ойлголт юм.

Тэгэхлээр эндээс хоёр дүгнэлт гарч байна.

1-рт Хэрэв худалдаж авахгүй зүгээр тухайн компанийн эзэмшлийнх нь алтыг хадгалах үүрэг хүлээнэ гэж байгаа бол энэ нь Монгол улсын алтны нөөц биш. Тиймээс алтны нөөцтэй болсон мэтээр монголын ард түмнийг хуурч “шилний цаанаас чихэр долоолгох” гэж байна.

2-рт Алтны нөөцийг “монголынхоо алтаар” /Уг нь алт монголынх шар, хятадынх ногоон гэх мэт өөр өөр байдаггүй. Дэлхийн зах зээлд аль ч улсаас олзворлосон бай адилхан алтыг алт л гэж үнэлдэг./ нэмэгдүүлэх гэдгийн цаана дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй алтны арилжаа явагдаж, улсын төсвийн мөнгө угаах гэж байна гэж ойлгогдоно.


Өнөөгийн манай эрх баригчид тийм хэргийг сийхгүй хийх л этгээдүүд. Хийсээр ч байгаа.  Тэгээд ч Монгол банк урьд өмнөх алтны нөөцөө яасан бэ?! Ер нь Монголын алтны нөөцийг монголдоо хадгалдаг уу? гэсэн асуулт гарч ирнэ.  

Манай эрх баригчид алтны нөөцөө байтугай валютын нөөцөө гадаадад бага хүүтэй байршуулчихаад өөрсдөө өндөр хүүтэйгээр зээл аваад сууж байгаа тухай Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай мөн ч олон жил ярьж байгаа даа.   

Энэ юу гэсэн үг вэ гэвэл өнөөгийн эрх баригчид алт худалдаж авч байгаа нэрээр төсвийн мөнгийг баахан үргүй зарлагадаад дараа нь төрөөс зайлж, улс үндэснийхээ эрх ашгийг боддог шинэ хүн төрд гарч ирэх цагт Монголын алтны болон валютын нөөц бүгд монгол улсын гадна, монголчуудад ямар ч хүртээлгүйгээр үлдэнэ гэсэн үг. Бодит нөхцөл байдал ийм л байгаа.   

Тэгвэл энэ хууль хэнд хэрэгтэй байв аа?

Мэдээж Монголд алт олзворлож байгаа гадаадын том компаниудад хэрэгтэй. Учир нь нөөц нь тогтоогдоод өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн ордоос бүх алтыг нь ямар ч татваргүй аваад гарвал “Батаар”-ын ясаа нэхдэг шиг Монгол улс эргээд тэднээс нэхэмжлэхэд ямар ч гэсэн тэд хулгай хийсэн гэмт хэрэгтэнд тооцогдож өр төлбөрөө нөхөн барагдуулах шаардлагатай болно.

 

Тэгэхлээр өчүүхэн бага хэмжээгээр татвар төлсөн нэр зүүгээд түүнийгээ Монгол улсын хуулийн дагуу бид төлсөн гэж хэлэхэд Монголчууд юу ч тэднээс олж долоохгүй. Үүний тулд алтны татвараа хамгийн бага болгохыг гадныхан манай эрх баригчдаас шаардаж, тэд ч энэ захиалгыг нь гүйцэлдүүлэв.   

Хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор ороод ирэв гэгчээр УИХ-ын хурадаанаар уначихлаар нэрийг нь хусаж өөрчлөөд дахин барьж орж ирж зүтгүүлсээр алтны татварыг хасах хуулийг хүч түрэн батлан гаргаж байгаагийн цаана хэн үүрэг даалгавар өгөөд байгааг тааж цөхөөд байх ч юм үгүй билээ.

Оюутолгойн гэрээнд байж болох бүх хөнгөлөлтийг хөрөнгө оруулагчид эдлүүлэхээр тусгахдаа “хэрэв татварын хуульд гэрээнд зааснаас илүү хөнгөлөлттэй өөрчлөлт орвол хуулийг дагаж мөрдөхөөр” заасан бий. Тэгэхлээр Рио Тинтод алтны татварыг 2.5 хувь болгож өгч байгаа хэрэг билээ.  

    Хуулийг санаачлагчид алтны татварыг 2.5 хувь болгож багасгахын тулд ямар их улайран зүтгэж, увайгүй худлаа ярьж байсныг ч иргэд санаж байгаа байх аа.
БНХАУ манайхаас бага татвартай учраас алт тийшээ гарч байна гэж залсныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун илчилж харин ч урд хөршийн маань нийт татвар манайхаас бараг 4 дахин их болохыг тоо баримтаар хэлж байсан билээ.

Ер нь алтаа ухуулаад 2.5-хан хувийн татвар авна гээд сууж байдаг тэнэгүүд дэлхийн улс орнуудад манайхаас өөр байдаггүй ажээ.

Тэр ч байтугай дорой буурайгаараа цоллуулж байсан Богд хаант Монгол улсын үед ч алтны татвараа 17,8 хувиар авч байжээ.    

    Энэ хуулийн үр дүн яаж гарах нь ч тодорхой. Алтанд шунасан олз хайгчдын сүрэг улам нэмэгдэж, тэр хэрээр Монголын байгаль орчныг сүйтгэх ажиллагаа ч хурдасна.
Ядахдаа алтны орд, судлууд гол төлөв байгалийн сайхан цогцлол бүрдсэн газарт, ус ундаргын эхээр голдуу байдаг нь Монголд ямар гамшиг нүүрлэхийг ойлгоход нэг их ухаан, мэдлэг шаардагдахгүй билээ.        

О.Лхагвадорж