​“Онги” голын Ц.Мөнхбаяр нарт шүүхээс 22 жилийн хорих ял оноолоо. Зандалчилсан, тэсэрч, дэл­бэрэх бодис хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, авлига авахаар дарамталсан хэрэгт шүүх түүнийг буруутгажээ.

Нэгэнт л гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Хийсэн хэргийнхээ төлөө хэн ч бай хариуцлага хүлээж, хуулийн дагуу гэмээ үүрэх ёстой. Энэ үүднээсээ түүнийг өмөөрөх шалтгаан байх ёсгүй. Шүүхийн дээрх шийдвэрт бид бат итгэх, хэрэгжүүлэх учиртай. Гэвч хэний хүүг толгойг нь илээд өнгөрөөх, хэнд нь шүүх 22 жилийн хорих ял оноодог юм бэ гэж барьцмаар, бас эгдүүцмээр бодол төрж байгааг нуумааргүй байна. Улсад олон тэрбумаар нь хохирол учруулсан, авлига авсан, албан тушаа­лаа ашигласан эрхмүүдэд хууль, шүүхийн байгууллага уян хатан, зөөлөн ханддаг бололтой.

Өнгөрсөн он жилүүдэд улсын хөрөнгийг тэрбумаар нь завшсан дарга, даамлуудыг шүүхийн байгууллага толгойг нь илээд өнгөрсөн нь бий. Жишээ дурьдая. “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг хувьдаа зувчуулсан нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнд шүүхээс 10 жилийн хорих ял оноосон ч тэрбээр биеэр эдлэсэн ял нь тавхан жил. Ц.Чимэдцэрэн өнөөдөр улсаас завшиж амжсан олон тэрбум төгрөгөөрөө тоглож наадаж яваа сурагтай. Танилтай, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн тод жишээг тэрбээр өөрөөрөө үлгэрлэсэн нэгэн. Түүнчлэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгнийг төрийн сайд нь өмөөрч байгаад оногдуулсан ялыг нь хөнгөрүүлдэг, хамгаалаад гардаг тохиолдол гарлаа. “МИАТ” төрийн өмчит компанийн Дайны эрсдэлийн санг байгуулах нэрийдлээр үе үеийн дарга нар нь арав орчим жилийн хугацаанд төрийн мөнгийг хувьдаа сааж, олон тэрбумыг завшсан гэмт үйлдлийнхээ шийтгэлд гуравхан жилийн хорих ял авав. Тодруулбал, Монгол Улсыг гадаадын орнуудад холбодог цорын ганц авиа компанийнх нь захирал болох Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн гээд худрагагүй нөхдүүдийг Соёлын сайд нь өмөөрч байгаад л ялыг нь бууруулсан. Манайх шиг сайд нь хууль, шүүхийн байгууллагадаа ил цагаанаар нөлөөлдөг улс байдаг юм болов уу. Мөнгөтэй, МИАТ-ийн захирлуудыг хамгаалсан шиг, Ц.Мөнхбаяр нарыг өмөөрөх хүн олдох болов уу, Ц.Оюунгэрэл сайд аа.

    Улсыг барьцаанд тавьж, 200 тэрбум төгрөгийн өрөнд унагахад хүргэсэн “Жаст”-ын Ш.Батхүү эрхэмд хууль үйлчилдэггүй юм байна. Тэрбээр улсын эмнэлгийн өндөр төлбөртэй өрөөнд биеэ эмчлүүлж, эрхэлсэн шиг яваа. Хуулийн байгууллага түүнд ямар шийтгэл оногдуулахыг урьдчилан мэдэхэд хэцүү. Дээрх эрхмүүдийн хувьдаа авч, хөрөнгөжсөн олон тэрбум төгрөгөөр улс хэчнээн цэцэрлэг, сургууль барьж болох байсан бол оо. Тэрбум төгрөгөөр 100 хүүхэд хүлээж авах нэг цэцэрлэг барина гэж тооцвол Ц.Чимэдцэрэн 14, МИАТ-ийн захирлууд мөн л арав гаруй цэцэрлэгийн мөнгийг хувьдаа авчихсан дүр зураг харагдаж байна. Ш.Батхүүгийн зувчуулсан мөнгөөр 200 цэцэрлэг барих байжээ. Энэ 200 цэцэрлэгийн цаана 20 мянган хүүхэд тоглож наадах, дулаан цэцэрлэгийн байртай болох байлаа.

  “Урт нэртэй” хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахын эсрэг хүйтэн зэвсэг хэрэглэсэнийхээ төлөө Ц.Мөнхбаяр 22 жилийг өргөст торны цаана сууна. Эл “Урт нэртэй” хуулийг хатуу зөрчсөн, хууль бусаар 106 лиценз олгосон хүн нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг. Гэвч түүнд шүүхээс дөрвөн жилийн хорих оноосон. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэнд нь 22 жил, зөрчсөн этгээдэд нь дөрвөн жилийн хорих ял оноосон нь шударга шийдвэр гэж эргэлзэхгүй байхын арга алга байна. Д.Батхуягийн хууль бусаар олгосон дээрх лицензийн цаана мөн тооны гол горхи ширгэсэн гэж байгаль хамгаалагчид тооцдог. Хуулиа хэрэгжүүлээд, төрийн албаныхаа ажлыг нэр төртэй хийгээд явсан бол Д.Батхуяг шоронд хоригдож, гол горхи олон тоогоор ширгэхгүй байлаа. Гол, мөрөн ширгэж байгаль орчинд ноцтой хохирол учирсны тоогоор Монгол хүний эрүүл амьдрах орчин, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байдагийг бид мэднэ. Тиймээс Д.Батхуягийн үйлдэл бүхэн хууль зөрчсөнөөс гадна, байгаль орчны эсрэг гэмт хэрэг байсаныг гэрчилэх юм.

   Хаана л бол танхайрч явдаг баян айлын эрх танхил хөвгүүдэд хууль хэрэгждэггүй гэдгийг цагдаагийн байгууллага ч баталлаа. “Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гэдэг эрд хуулийн байгууллага хамааралгүй ажээ. Их аваргын биед хүнд гэмтэл учруулж, тайнхайрсан ч хэргийг нь нам дараад өнгөрсөн дуулдана. Ц.Мөнхбаярын хэрэг бол Б.Дөлгөөний хийсэн үйлдэл, зорилгоос өөр байсан юм шүү. Түүний хууль хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалахын эсрэг тэмцсэн үйлдэлийг нь зөвтгөх ёстой ч, илэрхийлэх арга нь буруу байснаараа хуулийн өмнө тэрбээр хариуцлага хүлээсэн. Ц.Мөнхбаяр  нарын зэвсэг хэрэглэсэн, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж айлган сүрдүүлснийг зөвтгөх аргагүй. Гол нь шүүх дээрх хэргүүдэд үнэхээр шударга шийдвэр гаргаж чадсан гэдэгт эргэлцэж байна. Түүнээс Ц.Мөнхбаярыг өмөөрөх шалтгаан алга аа. Түүнийг бүү өршөөгөөрэй. Ц.Чимэдцэрэн, Д.Батхуяг, Ш.Батхүүг ч шүүхийн байгууллага өршөөмөөргүй байна. Аавын хүүг алаг үздэггүй  шүүхийн шийдвэрийг хармаар байна шүү.

Т.АМАРТҮВШИН