Монголчууд ирж буй модон морин жилээ хадаг дэлгэн  угтлаа. Улиран одож буй могой жилийг дахин залрах үед  хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн угтахын ерөөл тавин сүү өргөлөө. 

Цагаан сарын цагаан өдөр монголчууд хотол даяар элгээрээ энх амгалан,төрлөөрөө төвшин амар байхын ерөөл өргөж,бэлэг дэмбэрэлтэй болгоныг дээдлэн залав. Айл хотлоороо,ах  дүүсээрээ сайхан шинэллээ.  Шинэ сарын өдрүүдээр айл хунараар орж явахад Улаанбаатарын уугуул иргэд загвар дэгжин монгол дээл ,ноос ноолуураар гангарсан байх аж. Харин хөдөөнөөс ирээд хотод суурьшиж буй хүмүүс өнгө дэндүү тод хос дээлийг сонгожээ. Зарим хүмүүс  хэтэрхий гял цал олноос онцгой байх гээд “орц найрлагыг нь хэтрүүлсэн” харагдана. Айлууд мундаг ууц тавьсан нь олонтаа. Эгээ л мянгат малчныд золгож явна уу гэж бодогдоно. Цагаан сараар хүмүүс айл хэсээд архи руу шүлэнгэтээд байхаа больсон аж. Ямар сайндаа “а-гаа амслаа,б-гээ аваад явлаа” гэлцэж байхав дээ.

Сар шинэдээ сайхан золголоо. Энэ жилийн цагаан сараар хотынхон урд өмнөх жилүүд шиг зам дээр гацаж түгжирсэнгүй. Үүнийг замын цагдаагийн ач гэхээс өөр юу гэх вэ. Замын голд зогсож өнжсөн төрийн цагдаа нарт баярлалаа. Харин тэд маань аав ээж, ах дүүстэйгээ золгож амжсан болов уу. Эрхбиш ээлжилсэн байлгүй дээ. Модон могой жилд ард түмний минь амьдрал элбэг дэлбэг,өөдрөг байх болтугай.

Н.Дөл