“Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханы хэрэг замхарлаа
2014/02/04
Монгол Улс байгалийн баялагтай. Тэр нь хязгааргүй. Хэмжигдэхүүн байхгүй. Нөөц боломжоор нь тооцвол эцэс төгсгөл гэж байгаа нь лавтай.
Гэвч манайхан бүгд хязгааргүй гэдэгт итгэчихсэн. Улстөрчид нь амлалт өгч, иргэдийнх нь идэх горьдлого тасрахгүй учраас тэр байх. Харамсалтай нь тэдгээрээс олз омог ологчид нь тун цөөхөн. Гарын арван хуруунд биш ч гэлээ ердөө 200 гаруй гэр бүлийн эзэмшлийнх. Тэдний нэг нь “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан. Тэрбээр төдийгөөс өдий хүртэл өөрийн зургийг хэвлэлд зохион байгуулалттайгаар гаргасан нь үгүй. Интернэтээс хайгаад ч олохгүй. Учрыг нь лавлах нь ээ хувь хүнийх нь сонирхол “Нууцлаг эрхэм” гэх нэг фигурт багтах хүсэлтэй нь холбоотой гэх. Тийм ч учраас түүний олсон ашиг, өдүүлсэн балаг ч нууцлаг.
Нэгэн цагт хуулийн салбараас салан тусгаарлаж гал голомтоо бадраасан. Харин өнөөдөр бол тэрбээр сэжигтэн, шалгагдагч. Гэхдээ хууль үнэнээрээ үйлчилбэл шүү дээ.
Учир нь тэрбээр өнгөрсөн оны зун ашиг орлогоо нуун дарагдуулсан, хилээр Монголын баялгийг хэмжээ, хэмжигдэхүүнийг нь худал мэдээлж гаргасан гэх зүйл ангиар шалгагдаж байсан. Харин их удалгүй буюу ердөө гурав хоногийн дотор суллагдсан. Сонирхолтой нь түүний баривчлагдсан мэдээлэл мэдээллийн сайтад хоёр гуравхан цаг гараад алга болдог. Энэ жишиг цаасан хэвлэлд ч үйлчилсэн. Товчхондоо түүний тухай мэдээлэл бараг л гараагүй гэсэн үг.
Сураг сонсох нь ээ тэрбээр зөвхөн МАН-д төдийгүй Ардчилсан намд ч асар том арын хаалгатай аж. Тэрхүү арын хаалга нь удаа дараа Монгол Улсын Ерөнхий сайдад нэр нь яригддаг бизнесмэн улстөрч. Гуравхан хоногийн дотор суллагдахад нь ч түүний урт гар, улс төр бизнесийн ар тал нь үйлчилсэн. Тийм ч болоод өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг дахин баривчилж, хорьсон нь үгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн амлаад байдаг шударга шүүхийг хэн удирдаж, хэн чиглүүлж байгаа нь бараг л тодорхой юм. Тэгвэл Б.Дэлгэрсайханыг баривчлах шалтгаан нь юу байв.
Түүний хятадуудтай хамтарч байгуулсан “Болд төмөр Ерөө гол” компани Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог. Нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг энэ ордын хүдрийг тэрбээр ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг. Үүнийхээ тулд Хятадын хил рүү 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьсан. Түүндээ зориулж 20 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай. Гэхдээ хилээр гарахдаа бол багахан хэмжээний даацтай гэсэн хуурамч баримт бичиг бүрдүүлж, татвараас булттдаг гэж байгаа. Үүнийг нь хууль цагдаагийнхан илрүүлж шалгасан ч өнөөдөр тэрбээр эрх чөлөөтэй дэрвэлзэж яваа. Харин түүний дэргэд 10 мянган төгрөг хулгайлсан бүсгүй 10 жилийн ял авдаг заншилтай. Ердөө хоёрхон жилийн дотор гэхэд 3.5 сая тонн төмрийн хүдрийг түүхийгээр нь хятад ах нарт нийлүүлсэн гээд бодохоор 110 сая тоннын нөөцийг хэр хурдан хугацаанд хилээр гаргах нь ойлгомжтой. Тийм ч болохоор нь түүний ард Ерөнхийлөгч асан Н.Баганбанди төдийгүй муу нэртэй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ч холбох нь бий. Үе үеийн Засгийн газар орд эзэмших зөвшөөрөл, төмөр зам барих эрх, экспортлох боломж олгосон гэж бодохоор дээрх хоёр экс Ерөнхийлөгч төдийгүй гүйцэтгэх засаглал бүхэлдээ түүнийх болох нь илэрхий юм. Өөрөөр хэлбэл түүнд МАН-ын Засгийн газрын үед хориг саад байгаагүй гэсэн үг. Тийм ч учраас Ардчилсан засгийн үед хийгдсэн гурав хоногийн настай баривчилгаанаас ард олон үнэнийг хүлээж байсан нь гарцаагүй. Гэвч тэр найдвар талаар болж өнөөдөр “Дорнын говь” компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимчиж, иргэн Б.Дэлгэрсайхан даналзсан шиг даналзаж суугаа нь лавтай. Эндээс МАН хийгээд АН-ын түрийвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрхэн нэгдэн нийлж, нэг нэгнийхээ сайн сайхны төлөө харснаа хараагүй болж, мэдсэнээ мэдээгүй болж, сонссоноо сонсоогүй болж, илрүүлснээ илрүүлээгүй болдог жишгийг та бид харж буй.
Энэ жишгийг жирийн иргэдтэй харьцуулбал компьютер хулгайлдаг эмээг “зөнөлтийн эмгэг” гэж оношлоод цайруулж болмоор. Гэтэл гурван жилийн ял эдлэх шийтгэл хүлээсэн. МАН-ын байшингаас виски хулгайлсан насанд хүрээгүй жаалууд байна. Өсвөр үеийн эрүүгийн ертөнцөөс насанд хүрэгчдийн нар руу явах хатуу шийтгэлийг тэд эдэлсэн. Тэр үед гэртээ ганц компьютертэй болохыг мөрөөдсөн бүсгүйчүүд мөн л дэлгэц, гар мэтийг тэвэрч гараад мөн л эрх чөлөөгөө хасуулсан. Инээдтэй зүйрлэл. Стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад оруулах боломжтой ордыг бүртгэлээс нь “хулгайлж” өөрийнхөөрөө ашиглаж, түүнийхээ орлого ашгийг нуусан Б.Дэлгэрсайханг Монголын төр шийтгэж чадахгүй байна гээд бод доо. Харамсалтай нь иймэрхүү арчаагүй жишээнд уурладаг, бухимддаг үе өнгөрчихөж. Зүгээр л инээд, эгдүүцэл хоёр төрөх болж. Мөнгөтэй нь мөнгөөрөө айлгаж ялдаг, мөнгөгүй нь мөнгөгүйдээ яллагддаг нь жишиг болсон болохоор тэр байх. Эндээс үүдэх баттай дүгнэлт нь “Дорнын говь” компани цаашид найдвартай татвар төлөгч, сайн экспортлогч, оны шилдэг бүтээн байгуулагч, орон нутгийн шилдэг хөрөнгө оруулалт гэх мэт эрээвэр хураавар шагналыг түүсээр л байна байх. Харин энэ бүхний ард тэд хууль зөрчдөгөөрөө зөрчиж, Монголын баялгийг боловсруулалтгүй түүхийгээр нь агууламжийг нь, эзэлхүүнтэй нь нуун дарагдуулж гаргасаар л байна. Эцэс сүүлд нь “Монголын баялаг” дууссан гэх эцсийн цэгийг тэд биш харин ард түмэн тавина. Тэд бол өөр амьдрал, өөр боломжийг хайн дэлхийгээр зугаацах биз ээ. Ардчилсан засгийн үед ардууд бус харин олигархиуд улам бүр хождог болох бас нэгэн баталгааг бичиглэхэд сэтгэл эмзэглэх ажээ.