Н.Түвшинбаяр аваргын хоёр хүү олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв
2018/10/06
Жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Есөн орны 441 тамирчин зодоглож байгаа тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хүү Манлай, Мандах нар өрсөлдөн, хоёулаа хүрэл медаль хүртжээ.
Аавынхаа амжилтыг буухиалах ирээдүйтэйгээ харуулсаар буй тэдэнтэй ярилцлаа.
-Хоёулаа медаль хүртсэнд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Т.Манлай: Гоё байна аа. Би энэ тэмцээнээс өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Энэ жил хэдийгээр медаль авсан ч амжилтаа ахиулж чадсангүй.
-Т.Мандах: Би барилдах дуртай. Гэхдээ барилдахад хэцүү л дээ.
-Барилдахдаа сандарсан уу?
-Т.Манлай: Сандарсан. Уг нь би тэмцээнд оролцохгүй гэж бодож байсан юм аа. Аав л өрсөлд гэсэн.
Т.Мандах: Би ч бас сандарсан. Өмнө тэмцээнд оролцож байгаагүй. Хамгийн эхний өрсөлдөгч хэцүү байсан, надаас өндөр. Би сууж үүрэх мэх хийх дуртай.
-Аав шигээ мундаг бөх болох юмсан гэж хүсдэг үү?
-Т.Манлай: Тэгвэл гоё л байна.
Т.Мандах: Харин тийм ээ. Аав шигээ бөх болбол гоё байхгүй юү. Би гэртээ бэлтгэл хийдэг. Сайн бөх болохыг хүсдэг.