С.Эрдэнэ сайд худлаа ярьсан уу
2014/02/07
Хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ өнгөрсөн пүрэв гаригт болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг Засгийн газар 10-30 хувь нэмэгдүүлсэн хэмээн ам бардам хэллээ.
Ерөнхий сайд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг чимээгүйхэн нэмнэ гэсэн нь биелэлээ олсныг бахдалтай өгүүлэв. Үүнийг сонссон ахмадууд бухимдалтай байна. Тиймээс Засгийн газрын 11-11 төвийн шууд утсанд “Тэтгэвэр нэмсэн гэж худлаа шоудахаа боль”, “Хаана, хэний тэтгэвэр 30 хувиар нэмэгдсэн юм” “Дарга нар зурагтаар худал ярьж байна” гэх гомдлууд ихээр иржээ. Ерөнхий сайд, С.Эрдэнэ сайдтай нийлээд хэдэн өндөр настнуудаа хөөрхөн дөнгөчихсөн учраас ингэж бухимдах нь аргагүй биз.
Тэтгэврийн нэмэгдлийн талаар албаныхнаас тодруулахаар ахмадууд байтугай залуучууд ч ойлгохгүй тоо баримтаар амыг нь хаах нь энүүхэнд. Авдаг хэдэн төгрөг нь аж амьдралд нь хүрэлцэхгүй учраас өндөр настнууд Ерөнхий сайдын үгэнд эргэлзээгүй итгэж бас хүлээсэн хэрэг. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн маань Улаанбаатарын утаа ихэссэн ч хортой чанар нь багасчээ гэж олны дунд онигоонд орсон шигээ үнийн хөөрөгдөлтийг бий болгохгүйн тулд ахмадуудын тэтгэврийг маш бага хувиар нэмж иргэдийг дургүйг хүргэв. Хамгийн гол нь салбарын сайд нь Ерөнхий сайдтайгаа тохой нийлүүлэн суучихаад өндөр настнуудын тэтгэврийн 15-30 хувиар нэмлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэнэггүй худлаа ярьсанд иргэд эгдүүцэж байгаа юм. Бодит байдал дээр ахмадуудын тэтгэвэр 10-15 хувиар нэмэгдснийг хэлэх хүн цөөнгүй байна. Гэтэл С.Эрдэнэ сайд Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр “Хамгийн доод хэмжээгээр тогтоогдсон тэтгэвэр 30.8 хувь, өндөр тэтгэвэр авагчдынх 10 хувиар нэмэгдсэн. Халамжийн тэтгэврийн 103 мянга 600 төгрөгийг 66.2 хувиар нэмэгдүүлж, 172 мянган төгрөгт хүргэсэн” гэв.
Харин энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дашдондог хэлэхдээ “Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд энэ онд 80-90 тэрбум төгрөг төсөвт тусгасан байгаа. Энэ хөрөнгийн хүрээнд тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр сар шинийн баярын өмнө гарлаа. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ бага тэтгэвэрийг аль болох ахиу нэмэгдүүлж, дунд болон дундаас дээш тэтгэвэртэй хүмүүсийнхийг харьцангуй багаар нэмэгдүүлэх бодлого баримталсан. Шийдвэр хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 240 орчим мянган төгрөг болж байна” гэжээ. Энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэлд 312 мянга орчим ахмад настан хамрагдаж байгаа юм. Хэдийгээр албаныхан тэтгэвэр тэтгэмжийг товлосон хугацаандаа нэмлээ гэж хэвлэлээр ам уралдан ярьж байгаа ч ахмадууд тэтгэврийн нэмэгдэлдээ сэтгэл дундуур байна. Анхнаасаа чимээгүй нэмнэ гэж өндөр настнуудад тодорхой мэдээлэл өгөөгүйгээс юу болоод байгааг ойлгохгүй нэгэн ч байна. Ерөнхий сайдын ахмадуудад барьсан гэнэтийн бэлэг тэдэнд жинхэнэ дарамт болж эхэллээ.
Зочин · 2014/02/08
Энэ угаасаа худалч хулгайч ш дээ ичих булчирхайгуй гар л даа чамайг дахин хэзээч сонгохгуй заа естой горьд чи
Зочин · 2014/02/08
haana 30 hybi nesen yum be