​Өчигдөр шинийн наймны билэгт сайн өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн сайхан үйл явдал боллоо.

Орон гэргүй, эмзэг амьдралтай хэдий ч амьдралын өмнө нуруу бөхийлгөлгүй бусдын адил амьдрах гэж зүтгэж буй гэр бүлүүд, байгаль орчин, нийгмийнхээ тусын тулд сайн үйлс бүтээж яваа настан буурлууд бүхий нийт найман өрх ирэх жилийн сар шинийг шинэхэн өргөө цагаан гэртээ угтахаар болов. Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо болон тус дүүргийн Ардчилсан хүчний холбооноос хамтран санаачилж даруй найман ам бүлд таван ханатай гэр гардуулан өгсөн энэ буянтай үйлсийг сэтгэлд гал байхад зууханд гал олдоно гэдэг үгээр тодорхойлж болно.

Ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай нэгэнтээ хэлсэнчлэн миний эх орон миний тоонот хэмээх үг энэ үед санаанд бууж бахархал төрүүлж байлаа.

2014 оныг Засгийн газрын зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байгаа. Энэ буянт үйлс ч дээрхтэй утга агуулгын хувьд тохирч байгаа юм.

Өргөө гэрүүдийг эздэд нь гардуулах ёслол Хан-Уул дүүрэг дэх Морин спорт, уяачдын холбооны гадаах талбайд болсон бөгөөд энэ үеэр азтай буурлууд ах дүү садан төрөлтэйгөө, бяцхан жаалуудаа дагуулан ирсэн ба Хан-Уул дүүргийн Ардчилсан холбооны тэргүүн Р.Дамдин, Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан, Хан-Уул дүүргийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нар тэдэнд таван ханатыг нь гардуулахаар хүрэлцэн ирэв.

Энэ үеэр бид өргөө цагаан гэрийнхээ өрхний оосроос дөнгөж татах мөчийн баярыг нь давхар хуваалцахаар сэтгэгдлийг нь сонссон юм.

Хан-Уул дүүргийн 9-р хороонд хөгшинтэйгөө хамт амьдардаг иргэн Ж.Энэбишдалхаа: Шинийн наймны энэ бэлэгт өдөр Монголын ард түмний нэгээхэн хэсэг болсон бидэнд Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо болон Ардчилсан хүчний холбооноос ийм сайхан таван ханатай цоохор гэр өгч байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Хөгшин бид хоёр Туул голын байгаль орчныг хамгаалах ажилд өөрсдийн санаачлагаар олон жил зүтгэж 5000 орчим мод бут суулгаж, 5 га газрын хөрсний бохирдлыг арилгахаар ажиллаж ирсэн. Тэр буянтай үйлс маань өнөөдрийн энэ их буяныг даллан дуудсан болов уу.

Хан-Уул дүүргийн Ардчилсан холбооны дарга Р.Дамдин: Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний 24 жилийн ой болсон. Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо намраас хойш олон ажлыг хийж байгаа. Энэ жил ахмадуудаа алдаршуулах жил болгож Ардчилсан хүчний холбоотойгоо хамтран найман өрхөд гэр олгож байна.

Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т. Энхсайхан: Манай Ардчилсан хүчний холбоо маань Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт салбар хороодоороо дамжуулж мөн сонирхлын бүлгээрээ дамжуулж үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулага юм.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн салбар хорооныхоо үйл ажиллагаа эхлүүлж байгаатайгаар холбогдуулан 8 цагаан өргөө гэрийг 8 өрхөд гардуулан өгөх үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоотойгоо хамтран зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ: Шинэчлэлийн засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Ер нь Ардчилсан хүчний холбоо ТББ нийслэл, дүүрэг, аймаг гээд аль ч шатандаа иргэдээ хөгжүүлэх, өрх гэрийг өөдлөн дэвжээхээс эхлээд маш олон ажил хийдэг. Хорол тооноор нь хөх тэнгэр асгарч, хойморт нь дөрвөн бэрх бууж байг хэмээн ерөөе.

Хан-Уул дүүргийнIX хорооны иргэн З.Доржпалам: Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо, Ардчилсан хүчний холбооны залуустаа баярлаад сэтгэл өндөр байна. Энэ залууст морин жилдээ ажлын өндөр амжилт гаргахыг хүсье.

Хан-Уул дүүргийн 8-р хорооны иргэн Л.Төрсайхан: Дүүргийн маань Ардчилсан холбоодууд хамтран бидэнд гэр өгч бидний амьдралд тус болж байгаад баяртай байна.

Эх орны маань найман өрхийн азай буурлууд, азтай жаалууд өөрийн гэсэн тоонот эх оронтой болно гэдэг бага зүйл биш билээ.

Н.Төгс

div>