Яармагийн гүүрийг Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпораци барьж өгчээ
2018/11/03
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламжийн замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор энэхүү гүүрэн байгууламжийг барьж дуусгалаа. Яармагийн гүүрний нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж замын уулзвар, төмөр зам болон Туул гол дээгүүр шинээр гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барьж байгуулан Нийслэл хотын авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгагдсан. БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны, бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Улаанбаатар хотод Туул гол дээгүүр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Баянзүрх болон Сонсголонгийн гүүрийг шинээр барих, төмөр зам, Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын төслүүдийн хүрээнд нийт 5.75 км авто зам, 2.86 км гүүрэн байгууламжийн барилгын ажлуудыг хэрэгжүүлж, нийт 300 дотоодын инженер, техникийн ажилтан, ажилчдыг ажлын байраар хангаж, 40 гаруй компаниудтай хамтран ажиллаж байна” гэлээ.
Тус замын БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллажээ. Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.
Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол барих төслийн ажил нь шинээр баригдах Яармагийн дэд төв, хотын захиргаа болон орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих, шинээр ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг хотын төвтэй холбох авто замын хөдөлгөөний зохион байгуулалтын оновчтой шийдэлтэйгээс гадна авто замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр хөдөлгөөний ачаалал 2-3 дахин буурах чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
зочин · 2018/11/03
ХЯТАДЫН ЗАМЧДАД ТАЛАРХАЖ БАЙНА ҮНЭХЭЭР БОРВИ БОХИСХИЙЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ШҮҮ
Өгье · 2018/11/03
Наад хужаа нарыг чинь түргэн буцаахсан, буцахад нь тэр гүүрэн дээр палатка барьчаад зогсоод байгаа хүмүүсийг өүрмөсөн үүрд өгөөд явуулахсан, тэгээд хамгийн дээд талын энэ нэг эгнээ гүүрээр машинуудыг явуулахсан