Хайр гэдэг бол мөнхийн сэдэв. Хайраар дутуу яваа хүн цаанаа л гундуу харагддаг нь нууц биш.Агуу их О.Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ” хэмээх  шүлгээрээ тухайн үеийн нийгэм дэх залуусын сэтгэлгээг хайрлуу тэмүүлүүлж хүн хүндээ сэтгэлийн дэм өгсөн, хайрласан, хүндэлсэн сэтгэл зүйг бий болгож чадаж байсан.

Тэгвэл өнөө цагийн хайрыг түгээн дэлгэрүүлэгч 247 фэйсбүүк группын ерөнхий менежер, ХХАЯ-ны мэргэжилтэн Г.Сайхандумаатай ярилцлаа.

Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе. 247 фэйсбүүк групп их идэвхтэй ажиллаж байгаа санагдлаа? Ямар зорилготой хэзээ нээгдсэн групп бэ?

Баярлалаа. Танай сайтаар дамжуулан нийт Монголын ард түмэндээ өнгөрсөн ч гэсэн сар шинийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бидний амьдарч буй нийслэл хот маань утаа униар, замын түгжрэл гээд иргэдийг өөрийн эрхгүй бухимдал дагуулсан сэдэврүү оруулдаг. Бидний хэсэг залуус 247 гээд гэгээлэг групп нээсэн нь олны талархлыг хүлээж бидэнд олон хүмүүс баярласан сэтгэлийн илэрхийллээ явуулж байна. Гол зорилгын тухайд цахим ертөнцөөр ихэвчлэн хар талын мэдээллүүд цацагддаг энэ нь залуусын сэтгэлгээнд буруугаар нөлөөлж байна. Харин манай группрүү орсон хүн гэрэл гэгээг мэдэрч хайр хүндлэлийн хамгийн өндөр мэдрэмжийг аваад гардаг байгаасай гэдэг утгаар нээсэн нь зөв сонголт болсон гэж бодож байна. Нээгдээд нэг сар болж байгаа.

247 нэртэй ном гаргана гэж сонссон энэ талаар?

Номны тухайд энэ групп нээгдсэн цагаас олон хүмүүс өөрийн хайртдаа зориулсан шүлэг, сэтгэлийн үг, зөвлөгөөнүүдийг нийтэлж түүнийхээ талаар ярилцаж зөв энерги авдаг болсон. Бид  группээрээ дамжуулан аль ч насныхантай чөлөөтөй ярилцан мөн бодит юм хийж бүтээхийг зорьж байгаа. Энэ утгаар бидний хэлж заншсанаар “ГЭГЭЭН ХАЙРЫН” өдөр болох 02 сарын 14-нд хайртай хүндээ зориулсан таны Шүлэг, Сэтгэлийн үгтэй захиа, Гар зураг гэх мэт зүйлийг 247 номонд оруулан хайртай хүндээ онцгой содон бэлэг барих боломжийг олгож байна.

Номонд ямар хүмүүсийн уран бүтээл орох вэ? Шүлэг, сэтгэлийн үгтэй захиа, гар зургаа өгөхөд  ямар шалгуур тавьж  байгаа вэ?

247 номонд Дэлхийн сонгодог зохиолчид, Монголын “Болор цомын” эзэд зохиолчдын хайртдаа зориулан бичсэн шүлгүүд 50 хувьд нь орно. Тал хувь нь  манай номонд материалаа оруулах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй/жич: Хугацаа 2014 оны 02сарын 12-ныг дуустал [email protected] хаяг болон 88-247-503 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/

Энэ номонд одоогоор зохиолчдоос гадна шүлэг, сэтгэлийн үгтэй захиагаа ирүүлсэн олны танил хүмүүс байгаа юу?

Байгаа. Шүлгээр ирүүлсэн хүмүүсийн салхийг хагалж Монголын ард түмэнд “Хайрласанд минь уучлаарай”, “Зүүдний бороо” гэх мэт дуугаараа олны танил болсон хайрын дуучин МУСТА Э.Энх-Эрдэнэ, “Сэтгэлийн чамдаа” дуугаараа олны танил болсон Дуучин А.Оросоо, ХЦДБЧ-н хөтлөгч, дуучин МУСТА Г.Батсүх нар дуучдыг төлөөлж, Спортоос саяхан Боксын улсын аваргын эмэгтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн тамирчин н.Баянцэцэг гэх мэт олон сайхан хүмүүс өөрийн шүлгээ ирүүлсэнд танай сайтаар дамжуулан талархлаа илэрхийлье. 02 сарын 14-нд номны нээлтээр уулзъя.

Нээлт хаана болох вэ?

Номын нээлт одоогийн байдлаар нууц хэвээрээ үлдсэн нь дээр байх бид шүлгээ ирүүлсэн хүнд нээлт болох газрыг жич зарлаж байгаа. Нээлтэнд мэдээж хайрын баярыг тохиолдуулан хосуудад олон гэнэтийн бэлэг байхын зэрэгцээ хайрын дуучдын бяцхан тоглолт, 247 хос ном бэлэглэхийг  дуулгахад таатай байна.

Баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсэе

Танай хамт олонд баярлалаа. Хайртдаа хамгийн онцгой бэлэг бариарай гэж дахин уриалах байна.

 

С.Нандин