ОХУ-ын кино уран бүтээлчид манай аймагт айлчиллаа
2018/11/12
Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Найрамдлын өдрүүд 10-р сарын 5-аас эхлэн сарын хугацаанд үргэлжлэв. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс 58 дахь жилийн найрамдлын өдрүүдийн хүрээнд ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн багачуудын дунд олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Мөн тус нийгэмлэгээс Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОХУ-ын кино өдөрлөгийг Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б. Мажинбуу нээж, мэндчилгээ дэвшүүлж, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын дэд консул Кузнецов Дмитрий Николаевич нарын зочид ОХУ-ын мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Өдөрлөгийн үеэр ОХУ-ын “Российскийн рененссанс” кино наадамд оролцсон ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт, “Дурлалын бооцоо” инээдмийн шинэ киног үзэгчдийн хүртээл болгов. Мөн “Кавказад болсон явдал” киноны гол дүрийн жүжигчин Н.В.Варлей хүрэлцэн ирж үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан юм. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа 200 гаруй гадаадын мэргэжилтнүүд оролцож, Оросын уран бүтээлчдийн шилдэг тоглолтыг үзэж сонирхов.