​Татвар төлөгчийн халааснаас цалинждагийн хувьд төрийн албан хаагчийн халаас шилэн байх ёстой. Тэдний олж цуглуулсан хөрөнгө хууль бус, авлигажсан байвал төрийн үйлчилгээ иргэдээс холддог, гэмт үйлдэл олширдог гэмтэй.

Ийм ч учраас Авлигатай тэмцэх газар 2007 оноос төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлэг авч эхэлсэн. Төрийн албанд ажиллаж байгаа хэн ч хариуцлагаа ухамсарлаж олсон ашиг, үл хөдлөх хөрөнгө, унах унаа, хадгаламжин дахь хэдийгээ үнэнээр нь олон нийтэд мэдээлдэг байхаар Авлигын эсрэг хуульд заасан байгаа. Эрх мэдэл авлига рүү хөтөлдөг учраас төрийн албанд ажилладаг албан тушаалтнуудаас эдгээрийг шаарддаг. Гэвч хөрөнгөө нуух ёсгүй төрийн албан хаагчдын ой санамж балартаж, эхнэртээ авч өгсөн машинаа, өөрийнхөө компанийг ч “мартах” үзэгдэл гарсаар л байна. Эндээс харвал Монголын төрд баахан уймраа, мартамхай хүмүүс цугласан ч юм шиг. Эдгээр хүмүүсийг эмчлэх ёстой ч юм шиг. Сард 800 мянган төгрөгийн цалинтай жирийн нэг түшмэл бизнес хийдэггүй, хувьцаа эзэмшдэггүй мөртлөө олон тэрбум төгрөгтэй нь илэрсэн түүх бий.

Ийм учраас төрөөс “мартамхай” албан хаагчдыг цэвэрлэх, тэднээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал болоод буй. Харамсалтай нь АТГ-ын хүч тэдгээр “мартамхай” хүмүүсийг төрөөс зайлуулах хэмжээнд байсангүй. Төрийн албан хаагчид энэ сарын 15-нд багтааж 2012 оныхоо хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Сонины шарласан хуудсыг сөхөн АТГ-аас хариуцлага тооцуулж чадаагүй зарим хүмүүсийн зөрчлийг бичлээ. АТГ-ын одоогийн дэд дарга Б.Хурц ч өөрийн хөрөнгөө “мартаж” явжээ. Тэрээр 2010 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн 58-67 улсын дугаартай “Вольксваген” маркийн автомашин, гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй орон сууцаа “мартаж” байсан. Унаж яваа машин, амьдарч байгаа машинаа мартсан тэрээр нэмж хоёр ч компаниа АТГ-ынхнаас нууж явсан түүхтэй.

Тодруулбал, УБЕГ-т бүртгэлтэй “Грандстепп”, БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “Грандстепп” компанийг ч хөрөнгө орлогын 2009 оны мэдүүлэгтээ тусгаагүй. Үүнийгээ мөн л “мартсан” гэж тайлбарласан билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хурандаа Б.Хурцад арга хэмжээ ав гэж ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд даалгасан боловч өнөөх нь хөдөлж өгөөгүй. Төрийн албаны тухай хуулиар арга хэмжээ авах боломжгүй гээд өнгөрөөсөн байдаг. УИХ-ын гишүүн С.Баярцогт өөрийн оффшор бүсэд бүртгэлтэй компани, Швейцарийн банкин дахь нэг сая ам.доллараа мартсан нь саяхны түүх. “Ямар салан, баян хүн гэхээрээ сая доллараа мартдаг байна аа” гэх хүн ч улстөрчдийн дунд гарч ирсэн. Эрх баригчдад өнгөрснийг нь сануулна гэж байсан тэрээр хувийнхаа компанийг мартсан нь тун тоогүй зүйл болсон. Мань эр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг /ICIJ/-т нэг сая ам.доллартайгоо мэдүүлсэн. Тэгсэн хэрнээ Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж байгаад “Би гурван сая төгрөгөө мартсан байна, уучлаарай. Тэр компани манай найзуудынх” гээд залруулчихаж байгаа юм.

Манай АТГ-ынхан гадаадад байгаа дансыг нь шалгах эрх зүйн орчингүйг далимдуулж С.Баярцогтын хийсэн мэдэгдэл энэ. Мартсан, мартсанаа бүр мартагнуулсан тэрээр энэ удаа 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Legend Plus Capital Limited” компаниа, гурван сая төгрөгөө мэдүүлсэн биз ээ. Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банкны хооронд байгуулсан удирдлагын гэрээний дагуу гурван жилийн өмнө БНСУ-ын иргэн Ким Жан Жинийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон. Гэтэл мань эр 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөөгүй. Учрыг лавлавал мөн л “Хөрөнгөө мэдүүлэхээ мартсан” гэсэн байх юм. Манай улсад хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх учиртай Хөгжлийн банкны жолоог атгаж яваа эрхэмийн амнаас ийм үг унасан нь хачирхалтай. УИХ-аас гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хадгалах журамд “Гадаадын хөрөнгө оруулалттай, төрийн оролцоотой байгууллагын захирлууд хөрөнгө орлогоо заавал мэдүүлнэ” гэж заасан байдаг.

АТГ-ынхан салбарын яам, Хөгжлийн банкны ТУЗ-д ч “Наад хүндээ хариуцлага тооц” гэж яваад ч тусыг эс олжээ. Арга буюу хоёрдугаар сарын 15 биш дөрөвдүгээр сард хөрөнгө орлогын мэдүүлгийг нь аваад амаа үдүүлсэн байх юм. Т.Батболдыг ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байхад тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү нар хамгаалж үлдсэн тохиолдол бий. Т.Батболд нь АТГ-т 2008, 2009 оны хөрөнгөө мэдүүлэхдээ "Ландкруйзер" маркийн автомашин борлуулсны орлого, "Тоёота Лексус" маркийн автомашин, 2583 ам.долларын хадгаламж, өөрийн 100 хувь эзэмшдэг "ИНЮЭ" компани, хүүхдийнхээ нэр дээр бүртгэлтэй "Шүүдрийн дусал" компаниа “мартчихжээ”. Түүний мартсан эд, хөрөнгийг АТГ-ынхан 2010 онд өөрт нь сануулсан юм. Ингээд “Т.Батболд Авлигын эсрэг хуулийн 10.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь улсын бүртгэл болон хяналтын байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүд, мөн өөрийнх нь өгсөн тайлбар зэргээр нотлогдсон тул хариуцлага тооцно уу” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичиг илгээжээ. Уг албан бичгийн хариуг ШШГЕГ-ын дарга М.Ганхүү 2010 оны долдугаар сарын 20-нд ирүүлсэн бөгөөд, уг бичигтээ "Т.Батболд хөрөнгө, орлогоо буруу мэдүүлсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн түүнд сахилгын шийтгэл ногдуулсан болохыг мэдэгдэе" гэжээ.

Хуульд зааснаар Т.Батболдыг албан тушаалаас нь огцруулах ёстой байтал ШШГЕГ-ын тухайн үеийн дарга М.Ганхүү сахилгын шийтгэл ногдуулаад өнгөрчээ. Дорнод аймгийн Засаг дарга асан Ц.Жанлав, Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан нар ч хөрөнгөө худал мэдүүлж байв. Ц.Жанлав нь өөрийн дөрвөн орон сууц, Дорнод аймгийн Хэрлэн суманд гурван орон сууц, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгаас гадна хоёр давхар хувийн байшинг бусдад борлуулсны 50 сая төгрөгийн орлогоо мартсан дүр эсгэж байв. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө оруулж 23 хувийг эзэмшдэг “Дорнод” компанийн хөрөнгө оруулалт, мөн 35 хувийг эзэмшдэг “Жадав” компанийг мэдүүлээгүй нь илэрсэн. Гэвч АТГ-аас арга хэмжээ авахыг сануулаад байхад нь аймгийнх нь ИТХ Ц.Жанлавыг суудалд нь авч үлдсэн. Харин Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан өөрийн өмчлөлийн нэг орон сууц, өөрийн үүсгэн байгуулж хөрөнгө оруулсан “Дэлгэрэх Эл Эй” компаниа 2007 онд “мартаж” байсан түүхтэй.

Үүнээс гадна байгууллагаас нийгмийн асуудлыг шийдвэрлэх буцалтгүй тусламжаар олгосон 10 сая төгрөгийн орлого, “Голомт” банкин дахь төгрөгийн хадгаламжаа мэдүүлээгүй байсан ч суудалдаа хэвээр үлдэж байсан. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Арвин нарыг хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэмээн АТГ-аас өнгөрсөн онд мэдээлсэн. Олонд ил болсноор Л.Гүндалай нь Зайсан дахь хувийн газар, байшингаасаа гадна нэлээд хэдэн компаниа 2010, 2011 онд мэдүүлээгүй байдаг. Үүнийгээ ч сонгуулийн жил намайг унагахын тулд ингэлээ гээд улстөржүүлээд бүдэгрүүлсэн байдаг.

Харин С.Оюун сайд, Д.Арвин нарт холбогдох асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хороо тэгэсхийгээд намжаасан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Х.Бадамсүрэн, А.Тлейхан нарыг хөрөнгө орлогоо ташаа мэдүүлсэн хэмээн АТГ-аас 2012 онд мэдэгдэж байсан ч ажил хэрэг болж, хариуцлага тооцоогүй билээ.

 Г.Тулга