Р.Түмэнжаргалынх хэмээх айл 11 настай хүүгээ гэрийнхээ гаднаас алдаад улмаар  хүү нь  зургаан жилийн дараа  гэртээ эсэн мэнд  ирж гайхширлыг төрүүлсэн байгаа.

 Т.Рэнцэн хүүг гэрийнх нь гаднаас хар машинтай хүмүүс хууран авч явж, хоёр өдрийн турш хог түүлгэн улмаар малчин айлд аваачиж зургаан жил өтөг цэвэрлүүлж, хонь, тугал хариулуулж байсан гэдэг. Тэр айлд хоёр хөгшнөөс өөр хүнгүй байсан юм. Улмаар зургаан жил айлд зарцлагдсан хүү Улаанбаатарт хүүхдүүдийнх нь хамт шинэ жил тэмдэглэх гэж ирээд Ганданд байдаг эмээ, өвөөгийнхөө гэр рүү зугтаж чадсан гэдэг.

 

Энэхүү явдлыг сонссон хүмүүс үлгэр шиг аль эсвэл кинон дээр гардаг үйл явдал хэмээн хүлээн авч байв. Харин зургаан жил хүүг гэртээ байлгасан хоёр хөгшинд  Т.Рэнцэн хүүгийн эцэг эх нь гомдолгүй байгаагаа илэрхийлж  харин ч малын дөртэй болсонд нь баярлаж байжээ.  Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа уг хэрэг удахгүй хаагдах дээрээ тулаад байгаа аж.  Учир нь нэхэмжлэгчийн талаас ямар ч гомдолгүй  гэсэн бөгөөд  хүүгийн ар гэрийнхэн уг хэргийг шалгуулах шаардлагагүй гэсэн байна.

Б.Оргил