Орон гэргүй эрд хандив босгосон сошиал баатрууд хууран мэхлэгч байсныг АНУ-ын прокурорын газраас мэдээлжээ
2018/11/16
Өнгөрсөн жилийн өдийд АНУ-ын Нью Жерсигийн иргэн Кэйт Макклур гэх эмэгтэй өөрт нь тусалсан орон гэргүй эрийн амьдралыг өөрчилсөн тухай мэдээлэл дэлхий нийтэд хүрсэн юм.
Сайхан сэтгэлд хүмүүс орон гэргүй эрд гайхалтай боломж олдож байгаад бүгд талархлаа илэрхийлж байв. Гэвч энэ бүхэн хуурамч байсныг АНУ-ын прокурорын газраас өчигдөр мэдээллээ.
Тэд уг түүхээр дамжуулан GoFundMe сүлжээнд хандивын аян өрнүүлж нийт $400,000-ыг цуглуулсан байна. Гэвч уг мөнгийг юунд үрсэн нь тодорхойгүй байгаа аж.
Хуурамч түүх зохиосон Марк Дамико, Кэйтлин Макклур, Жонни Боббитод нар мөнгөнөөсөө болж зөрчилдөн улмаар Жонни Боббит өөрт нь мөнгө өгөөгүй тухай цагдаад гомдол мэдүүлсэн байна.
Түүний мэдүүлгээс үндэслэн уг хэргийг нягтлан шалгасны эцэст эртнээс төлөвлөсөн хууран мэхлэлт байсныг тогтоожээ.
Олон мянган иргэдийг хохироосон тэднийг цагдаа нар баривчилсан бөгөөд эхний ээлжинд хандивын мөнгийг эргүүлэн төлөх шийдвэрийг гаргаад буй гэнэ.
Өнгөрсөн жил олны анхаарлыг татсан тэдний хуурамч үйлдлийг эргэн санавал:
"Кэйт Макклур өнгөрөгч оны 11 дүгээр сарын эхээр Филаделфи орохоор шөнө машин жолоодож яваад замдаа шатахуунгүй болж зогссон.Тэр хамгийн ойр байгаа шатахуун түгээх газрыг хайж шөнө ганцаар явж байхад нь орон гэргүй эр Жонни Боббит тааралдсан гэжээ. Бүсгүйг машиндаа хаалгаа түгжээд сууж байхыг захиад өөрөө хол байсан шатахуун түгээх станц руу алхан очиж, өөрт байсан сүүлийн $20-оор шатахуун авчирч өгсөн.Тухайн үед Мөнгөгүй байсан бүсгүй буцааж төлж чадаагүй ч сүүлд дахин ирэхдээ мөнгийг нь өгч, хуучин хувцас, хүнс зэргийг өгсөн тухай олон нийтэд мэдээлж байжээ.
Орон гэргүй эр Боббитыг нь тэнгисийн цэрэг, гал сөнөөгч байгаад сүүлд амьдрал нь доройтож гудамжинд амьдрах болсон. Сүүлийн жил хагасыг гудамжинд өнгөрөөсөн хэмээжээ.
Кэйт Макклур тухайн үед энэ бүхэн хангалтгүй санагдсан тул найз залуугийн хамтлаар олон нийтээс хандив цуглуулдаг GoFundme сайтад хандан $10,000 босгох аян өрнүүлөхээр болсноо нийтэд зарласан юм. Түүний энэ санаа ч амжилттай хэрэгжиж $400,000 долларыг цуглуулжээ.
Кэйт Макклур “Тэр үнэхээр сайн хүн тул энэ бүхнийг хүртэх эрхтэй” гэж хэвлэлийнхэнд хүртэл ярьж байжээ"
www.Seen.mn