Уул уурхайн металлурги, эрдэс боловсруулалтын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Финлянд улсын “Outotec” компанийн удирдлага болон мэргэжилтнүүд  Эрдэнэт үйлдвэрт ажлын айлчлал хийв. Эрдэнэт үйлдвэр тус компанитай 1992 оноос хамтран ажиллаж эхэлжээ. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд  хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн онд тус үйлдвэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Орхон аймагт зохион байгуулсан юм. Форумд  ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Европын 14 орны уул уурхайн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчдөөс бүрдсэн гадаад, дотоодын 200 орчим зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тэр үеэр уул уурхайн салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч Финлянд улсын  Оutotec компанитай  уулзалт зохион байгуулахаар   шийдэлд хүрчээ.  Тэгвэл уг хамтын шийдвэр бодит биелэлээ олж, “Эрдэс боловсруулалт, металлургийн  дэвшилтэт технологиуд” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт  үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцдаг  инженер техникийн ажилтан, судлаачид оролцож,  шинэ технологийн талаар номын дуу сонссон байна.
     “Outotec”компани нь дэлхийн 50 гаруй  оронд өөрийн салбар байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтанд  Финлянд, Герман, Чили зэрэг 5 улсын салбарын төлөөлөл хүрэлцэн иржээ. Тэд  “Нунтаглалтын технологийн орчин үеийн шийдлүүд”, “Флотацийн  технологийн сүүлийн үеийн  хөгжүүлэлт болон  баяжуулах үйлдвэрийн оновчлол, боломжууд”, “Усгүйжүүлэлтийн дэвшилтэт технологиуд”, “ Өтгөрүүлэгчийн шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, шинэ мэдээлэл хүргэв. Тус компани нь 100 жилийн түүх, ажлын арвин туршлагатай   байгууллага бөгөөд дэлхийн 80 гаруй улсад  тус компанийн тоног төхөөрөмжүүд  суурилагдсан  байдаг аж. 2013 онд манай улсад “Outotec Mongolia” компанийн салбар нээгдсэн нь Эрдэнэт үйлдвэртэй  хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд илүү өргөн боломж бүрдүүлж буйг энэ үеэр мэргэжилтнүүд онцлов.