Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс үйлдвэрийн бүсэд “Эко-орчин 2018” уралдааныг 5-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний хооронд зохион байгууллаа. Тус уралдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг бөгөөд 3 дах удаагийн “Эко орчин 2018” уралдаан нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болов.
     Үйлдвэрийн  хамт олны дунд байгаль орчноо хайрлан хамгаалах, үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, хог хаягдлын менежментийг сайжруулах,  бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлдэг тус  уралдаан жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлж, ажилчдын идэвхи оролцоог нэмэгдүүлжээ.  Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийнхэн  “Ногоон төгөл” төслийн талбайд нийт 25 төрлийн 12000 гаруй мод тарьж ургуулан, цех нэгж бүр өөрийн  хариуцсан талбайд мод тарьж,  арчилгаа тордлогоог үргэлжлүүлж байна. “Эко-орчин-2018” уралдааныг “Ногоон төгөл”-д   шинээр санаачлан хийсэн ажлууд, моддын арчилгаа, усалгаа, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг бууруулахаар авсан арга хэмжээ, Эрдэнэт-Хангал голын цэвэрлэгээнд оролцсон байдал, цехүүдийн гадна талбайн тохижилт, шинээр ногоон байгууламж нэмэгдүүлсэн байдал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан шинэ санаа, шийдэл  зэрэг үзүүлэлтээр дүгнэв.
     Дээрх шалгаруултаар цех хэлтсүүдийг 3 бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр  бүлгээс тэргүүн байранд Авто тээврийн байгууллага шалгарч,  1 000 000  төгрөгөөр, дэд байрт   Баяжуулах үйлдвэр удаалж, 800000 төгрөгийн шагнал тус тус хүртэв. Тусгай байранд  Ил уурхайн хамт олон шалгарч,  зургаан зуун мянган төгрөгөөр шагнуулжээ. Уралдааны хоёрдугаар бүлгээс тэргүүн байранд  Тээвэр ложистикийн алба, дэд байрт  Цахилгаан цех, тусгай байранд  Засвар монтажийн цех шалгарсан бол гуравдугаар бүлгийн эхний байруудыг  Үйлчилгээ аж ахуйн алба, Сэлэнгэ амралтын баазын хамт олон эзэллээ. Мөн “Эко-орчин-2018” уралдааны хүрээнд “Хог бол баялаг” сэдэвт шилдэг эссе бичлэг,  үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийн дүр зургийг харуулсан шилдэг гэрэл  зургийн бүтээлийг шалгаруулан  шилдгүүдийг тодруулав.