Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбарынхан хөдөлмөрийн аюулгүй байдал хангах гэдгийг умартаад байгаа бололтой. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаагүйгээс хүн гэмтээх бүр цаашлаад амь насаар нь хохироож байна.

Мөн барилга дээр ажиллаж буй ажилчид хүнд гэмтэх, амиа алдах тохиолдол ар арааса гарсаар байгаа. Үүнд ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хууль дүрмийг уландаа гишгэж буй шинж бөгөөд хүний амийг үнэ цэнэгүй мэт хандаж буйн илрэл юм.

 

    Ихэнх барилгын компанид хятадууд ажиллаж байгаа ба тэд манай улсын хууль дүрмийг огт тоохгүй байгаа бөгөөд монгол эзэд нь тэднийг ямар нэгэн хэрэгт оруулахгүй тулд осол аваар, болон бусад хууль бус үйлдлийг нь нуун дарж байгаа юм. Манай улсын уул уурхай болон барилгын салбарт хятад ажилчдын тоо хэт их байгаа бөгөөд тэд монголчуудын ажлын байрыг булааж буй хэрэг болоод байна. Тэдний барьсан барилга хэзээ ч хамаагүй нурах аюултай буюу чанарын шаардлага хангахгүй муу барилга, орон сууц барьсаар байгаа юм. Энэ он гарснаас хойш барилга дээрээс таван хүн унаж нас барсан. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж буй "Өндөр буянт" ХХК, "Цаст" констракшн ХХК-ийн барилгаас хоёр ажилтан унаж нас барсан. Мөн "Макс өргөө" ХХК-ийн барилга дээрээс төмөр унаж нэг хүн амь насаа алдсан. Хан-Уул дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж байсан "Актив констракшн" ХХК-ийн барилга дээрээс нэг ажилтан лифтны хонгил руу унаж нас барсан юм.

 

    Мөн "Тайгам Алтай" ХХК-ийн барилгын талбай дээр нэг ажилтан лифтны хонгил руу унаж нас барсан ослууд гарсан. Эдгээр хэргүүд одоо мөрдөн байцалтын шатанд явагдаж байгаа юм байна.  Мөн Хан-Уул дүүрэгт "Ди Би Би" ХХК-н захиалгаар барьж байсан 16 давхар оффисын зориулалтай барилга дээрээс гоёлын хүрээний төмөр унасан осол бүртгэгдсэн. Уг шилэн фасадны гадна гоёлын хүрээг бэхлэх ажлыг "Форус алюмуниум" ХХК гүйцэтгэж байсан байна. Тус барилгын үйл ажиллагааг улсын байцаагчийн дүгнэлтээр түр зогсоогоод байгаа аж. Эдгээр компаниудаас "Тайгам -Алтай" компанийн орон сууцны метр квадрат талбай дутаж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан шалгалтаар тогтоогдоод байгаа.

 

     Одоогийн байдлаар метр квадрат дутаж, иргэдэд учруулсан хохирлын хэмжээ 2.5 тэрбум төгрөг хүрснийг ШӨХТГ-аас мэдээлсэн. Энэ дагуу ШӨХТГ-аас "Тайгам -Алтай" компанид удаа дараа хүсэлт, шаардлага тавьсан байна. Мөн арван арван саяар торгожээ. Энэ торгуулийн арга хэмжээ тус болоогүй байна. Арга барсандаа ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яаманд зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал хүргүүлжээ. Одоогоор хариу ирээгүй байгаа аж. "Тайгам алтай" компани энэ асуудлыг зүгээр ч нэг хойш нь тавьдаггүй, зүгээр хариуцлагаас мултрах санаатай тайлбар өгч байгаа аж. Тухайлбал, 2010 оны долдугаар сард ашиглалтад орсон 12дугаар байрны оршин суугч Н.Ханд анх 60.6 м.кв талбайгаар гэрээ байгуулж мөнгөө төлсөн байдаг. Гурван сарын дараа байрных нь ордер гартал 57 м.кв болж өөрчлөгдсөн байсан байна. Олон хохирогч гарч ирж, багагүй цаг хугацаа өнгөрсний дараа сая л нэг хөндлөнгийн хэмжигч байгууллагаар хэмжилт хийлгэжээ.

 

    Энэ мэтчилэн барилгын салбарынхан осол аваар гаргасан атал хариуцлага хүлээхгүй, хэргээс муцлтрахыг оролдож байна. Манай улсад амьдарч ажиллаж буй хятад иргэдийн тоо хэрээс  хэтэрсээр байгаа ба хууль бусаао амьдарч буй хятадууд ч мөн олишрчээ. Тэдний албадан гаргаж байгаа хэдий ч барилга уул уурхайн салбарт ажиллуулахаар олноор нь оруулж ирсээр байгаа юм. Уул уурхай болон барилгын салбарынхан хятадуудаар дүүрчихсэн. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Хууль бус үйлдэл гаргагсдад хатуу арга хэмжээ авч, хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргах ажлыг доривтой үр дүнтэй хийх ба барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал асуудал болоод байна. Энэ онд шинээр баригдах барилгууд чанарын шаардлага болоод аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хэрэв алдаагаа засахгүй бол дахин осол аваар гарсаар байх болно.