“Аз жаргалын аялал-3”-т урьж байна
2014/02/13
Эмэгтэйчүүд.мн сайтаас санаачлан зохион байгуулдаг Аз жаргалын аялал энэ оны 3-р сарын 1-нд ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярыг угтан уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ бол бидний зүгээс эмэгтэйчүүддээ барьдаг өвөрмөц хийгээд мартагдашгүй бэлэг болдог билээ. Манай сайт нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдгийн нэгэн тод жишээ бол зуун наймуулаа нэгдэж Богд-Хан уулын ноён оргил Цэцээ Гүн хайрхан руу хийдэг нэг өдрийн уулын явган аялал юм.
Уг арга хэмжээний уриа нь “ЭРҮҮЛ МЭНД-ЭРЧ ХҮЧ-АЗ ЖАРГАЛ” нэртэй бөгөөд өнөө цагийн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хүрч болох оргил цэгийн хэмжүүрийг 2248 метрийн өндөрт орших Цэцээ Гүний оргилоор төлөөлөн сонгосон билээ. Март-8 бол зөвхөн гоёлын даашинзаар гангарч, эрчүүдээсээ бэлэг хүлээн суудаг баяр биш юм гэдгийг бид энэхүү хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлэхийг хүсдэг.
Үнэхээр ч монголын эмэгтэйчүүд үеийн үед байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн шүтэлцээ, түүнийг хүндэтгэн эрхэмлэж байсан нарийн ухаан, эх хүн-байгаль ээж хоёрын нандин холбоог зөвхөн үгээр биш өөрсдийн энэхүү үйлдлээр илэрхийлэн гаргахыг зорьсон юм.
Хэрэв та өмнөх аялалд хамрагдсан эмэгтэйчүүдийн нэгэн адил насан туршдаа мартагдашгүй дурсамжийг бидэнтэй хамт мөнхлөн үлдээж, өөртөө итгэх итгэл үнэмшлээ бэхжүүлж, домогт оргил өөд 108-уулаа гарах энэхүү түүхийг амьдралынхаа хуудаснаа тодоор бичихийг хүсвэл бидэнд хандаарай.
Та ууланд гарч байсан туршлагагүй байж болно, гагцхүү “Чадна!” гэсэн эрмэлзлэлтэй байхад бүх зүйл болно. Аз жаргалын аялалтай хамтран уулын явган аялалын “UB HIKING CLUB” хоёр дахь жилдээ хөтчөөр оролцох болно.
Өөрөө өөрийгөө ялан дийлж, уулын оргилоос алсыг харж зогсох тэрхүү мөч танд ямар аз жаргал, эрч хүч бэлэглэхийг мэдрээрэй.
Хэрэв та найз нөхөд, ажлын хамт олон, магадгүй ганцаараа байсан ч явахаар шийдвэл 9988-2222, 7007-2222 дугаарын утсанд бүртгүүлээрэй.
Эмэгтэйчүүд бид гал тогоо эргүүлж, дэлгүүр хэсэж өнгөрүүлдэг амралтынхаа өдрийг хэрхэн хувьсал хийж болдгийг үзэхэд ердөө 15 хоног үлдлээ...