Олон шашинтай болж байгаагийн гай ч илэрч байна даа. Эрт үедээ манай монголчууд бөө мөргөлтэй байсан. Хүн болгон өөрийн овгийн шүтээн аль эсвэл өвөг дээдсээ шүтдэг байсан болохоор бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэж үздэг байж.

Түүний нотолгоог Монголын эзэнт гүрэн байгуулахдаа эзэлж авсан улс орнуудынхаа шашинг огт хааж, боодоггүй байсныг олон судар бичигт тэмдэглэж үлдээснээс харж болно. Аялагч Марко Поло Монгол гүрний нийслэлд будда, лал, христийн шашны сүм хийдүүд зэрэгцэн оршин байсан тухай ярьсан байдаг.

Түүнд тухайн үед нь европчууд итгээгүй юм. Өнөөдөр харин байдал огт өөр болж нотлогдож байна. Манайд христ, лал, буддын шашнууд нэвтрээд зогсохгүй тэдний олон өнгийн урсгалууд нь хүч түрж орж ирсээр байна. Эдгээр шашин болоод урсгалууд өөр хоорондоо сөргөлдөөнтэй байдаг.

Тэднийг үнэн голоосоо шүтэн итгэдэг хүүхдүүд, үнэнч фанатууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Саяхан БШУЯ-ны газрын дарга телевизээр санаагаа буруу илэрхийлснээс болж олон хүний хараалыг идлээ. Тэрээр Мүүний урсгалын итгэгч аж. Хүмүүс түүнийг алдаа дутагдлыг хэлээд шүтдэг шашинтай нь холбож аль муу үгээ л хэлцгээлээ дээ.

Шашныг нь муулах шалтаг олдсон мэт шунамхайрч байна. "Мүүний шашны дагагчийг суудлаас нь буулгаач" гэх мэт. Одоо удахгүй "Тэр муу мусульман зайлбал таарна", "Христийн сурталч шаарыг алга болгоё", "Муу шар хувалз" зэргээр доромжлоод эхлэхэд гайхах юм алга. Цаашдаа шашны мөргөлдөөн гарахыг ч үгүйсгэхгүй.

Ж.Баяр

Эх сурвалж: