МАН-ын  III Бага хурал 12 сарын 19, 20-нд хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Тодруулбал МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг хуралд оролцогсдын 95 хувь нь дэмжсэн шийдвэр гаргасан юм.

Тэгвэл үүнээс гадна МАН-ын дүрмийн өөрчлөлттэй холбоотой багц асуудлыг хэлэлцэн, түүнийгээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлжээ.

Жишээлбэл: МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны гишүүнчлэлийн насны дээд хязгаарыг 35 нас, Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбооны гишүүнчлэлийн насны дээд хязгаарыг 25 нас болгосон аж.

Мөн хамгийн сонирхолтой нь Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр шууд намын гишүүнчлэлээс хасдаг болохоор дүрмээ өөрчилжээ.

Ингэснээр намын удирдлагатай зөрчилдсөн нэгнийг МАН-аас хөөх явдал маш хялбар болох юм байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Улсын Дээд шүүх МАН-ын энэ дүрмийн өөрчлөлтийг бүртгэвэл хамгийн түрүүнд МАН-ын 3-р бага хурлын шийдвэрийг дагаагүй гэсэн үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболдыг намаасаа хасах сонирхол МАН-ын удирдлагуудад байгаа гэнэ.

 

Э.Мягмар